Friday, March 18, 2011

Кэрролл Суарезын хослол



Өнгөрсөн өвлийн хувьд манай клубын хувьд маш хөдөлгөөнтэй үе байсан билээ. “Шок” гэдэг үг энэ өвлийн хувьд яг л манайд таарсан үг байв.. Шинэ эзэдтэй болоод удаагүй байсан дээр “Хаан Кенни” менежерийн дүрээр Ливэрпүүлдээ эргэж ирсэн нь фэнүүдийг үнэхээр баярын шоконд оруулсан.. Тэрээр ажлаа авсны дараахан туслахаараа Стив Кларкыг сонгосон бөгөөд удалгүй 2010 оны дэлхийн мэргэн бууч, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гялалзтал тоглосон, Аяакс клубын ахлагч, багийн мэргэн бууч Луйс Суарезыг багтаа нэгтгэж чадсан юм.
Торрес+Суарез гэсэн гайхалтай хослол үүсч, бид энэ дэлхийн хамгийн гайхалтай довтолгооны бүстэй болох нь хэмээн хөөрч байв.. Гэвч энэ баяр хөөр тун удсангүй. Итгэмээргүй үйл явдал болж Фернандо Торрес багаас явах хүсэлтээ Кеннигийн ширээн дээр тавьсан мэдээ биднийг ахин нэг “шок”-нд оруулав.. Суарез ирсэн баярт мэдээнээс ч илүү энэ мэдээ манайхны санааг зовоход хүргэсэн юм.. Олон фэнүүд үүнд итгэхийг хүсэхгүй байсан ч Челсигийн тавьсан том санал Торресыг бүрэн эзэмдэж тэрээр наймааны цонх хаагдах сүүлчийн өдөр заналт дайсны эгнээнд элссэн билээ.. Гэхдээ бид түүний оронд 50 саятай болсон ч энэ мөнгөө зарцуулах хугацаа тун бага үлдээд байлаа...
Цонх хаагдахаас хэдхэн цагийн өмнө клуб Астон Виллагийн гол хүн Эшли Янг, Блэкпүүлд энэ жил гялалзтал тоглож байгаа багийн ахлагч Чарли Адам, НьюКааслын залуу довтлогч Энди Кэрролл нартай холбогдоод байгаа мэдээ шар хэвлэлүүдээр дүүрэн байв.. “Энди Кэрроллд Ливэрпүүл 30 саяын санал тавьсан ч Ньюкаасл татгалзсан хариу өглөө” гэсэн мэдээ гарсан байсныг хараад үнэхээр гайхаж билээ. Тэд цаг үлдээгүйг далимдуулж шуналтснаас гадна ноднин манайхыг ТОП-4с мулталсан Тоттенхэм бас садаа хийсэн бололтой юм.. Фэнүүдийн ихэнх нь Кэрроллыг заавал энэ их үнээр авах хэрэг байна уу хэмээн бодож байлаа..
Гэвч 2011 оны 2 сарын 1ны өглөө залуу довтлогч Энди Кэрролл дэлхийн бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн үнэтэй хөлбөмбөгчдийн 8рт, Британийн болон клубын түүхэн дэх хамгийн үнэтэй хөлбөмбөгчин болон Ливэрпүүл клубт ирсэн байлаа...Бид ийнхүү ахин нэг “шок”-нд орсон юм.
Ингээд биднийг одоо нэгэн том асуулт хүлээж байгаа билээ..
Суарез Кэрролл хоёр хэрхэн хослох бол?
Юуны өмнө бид яг ямар довтлогчдыг авсан талаар жоохон дэлгэрүүлэе...

Луис Суарез
24 настай Урагвай довтлогч маань одоогоос 5 жилийн өмнө Европд газардсан байна.. Түүнийг анх Голландын Гронинген клуб авч байсан ч алдарт Аяакс клубт тоглох болсноор дэлхий нийтэд танигдсан билээ. Кенни болон Дамиен Комоли нар уйгагүй ажилласны хүчинд түүний Улаануудын бүрэлдэхүүнд харах боломжтой болсон юм.. Тэрээр энд урт хугацааны гэрээ байгуулсан бөгөөд юутай ч 6 жил хагасын хугацаанд уран гоё тоглолтоороо биднийг баясгах болоод байгаа..
Хөлбөмбөгийн кареераа төрөлх орныхоо Национал гэдэг багаас эхэлсэн баг 2006 онд лигтээ түрүүлэх хүртэл 27 тоглолтод оролцож 10 гоол оруулж байжээ. Гэтэл түүнийг тэр онд нь Гронинген клуб ердөө 800.000 хан еврогоор эгнээндээ элсүүлж чадсан байх юм. Тэнд нэг улирал амжилттай тоглон 30 тоглолтод оролцож 10 гоол оруулжээ.. Ингээд түүнийг дараа улиралд нь Голландын алдарт Аяакс клуб ирсэн үнээс нь10 дахин их үнээр буюу 7.5 саяаар өөрийн болгожээ. Түүнийг Аяакст ирэхэд мөн залуу довтлогч Хунтелаар/Аяаксын төлөө 92 тоглолтод 76 гоол оруулсан/ гялалзаж байсан ба Суарез болон Хунтелаар гэсэн гайхалтай хослол үүссэн юм. Тэд 2009 онд Хунтелаар Реал явах хүртэл 18 сар хамт тоглож фэнүүдээ баясгасан бөгөөд энэ хугацаанд энэхүү гайхалтай хослол гоолыг машиндах шиг болж байлаа...
Суарез+Хунтелаар гэсэн хослол яагаад амжилттай тоглох болов?
Юуны өмнө тэд хоёулаа авьяаслаг довтлогчид нь тодорхой гэхдээ тэд хамтдаа тохиолдолд бүр ч илүү тоглолт үзүүлдэг байв.Суарезын хувьд жигүүрээр маш чадварлаг тоглох ба эсрэг багийн хамгаалагчдын дундуур маш хурдтай зүсэн орж ирж аюул учруулдаг байсан бол Хунтелаар гол төлөв 16-гийн талбай дотор тоглох дуртай бөгөөд тэнд маш чөлөөтөй тоглон зөв цагтаа зөв газраа байж чаддаг байсан... Тэдний тоглолтын арга барил нь нэг нь нөгөөдөө боломж гаргахад яг л цаанаасаа тохирсон мэт байсан юм..
Суарезтай хамт тоглоход гоол оруулах хялбар байдаг.. Учир нь тэр бусдаас илүү хөдөлмөрлөж хурдан шаламгай хөдөлдгөөнтэй, эсрэг багийн хамгаалагчдад үргэлж аюул учруулж байдаг.. бүр талбайн төвөөс ч бөмбөгийг эзэмшин орж ирээд аюул тарьдаг хэмээн багийн анд Хунтелаар хэлж байжээ.
Түүнийг Реал явсны дараа Аяакс клуб Германы Херта клубээс Марко Пантелич хэмээх довтлогчыг авсан бөгөөд тэрээр нэг улирал тоглохдоо 25 тоглолтод оролцон 16 гоол оруулсан байна. Энэ нь түүний Хертад үзүүлдэг үзүүлэлтээс хамаагүй дээгүүр байсан юм. Мэдээж энэ амжилт түүний хамтран тоглогч Луис Суарезтэй салшгүй холбоотой. Суарез энэ улиралд лигтээ 35 гоол оруулсан бөгөөд өөр аль ч лигд ийм олон гоол оруулсан тоглогч байгаагүй юм. Ийм гайхалтай амжилттай улирал дуусгасны дараа түүнийг дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хүлээж байлаа..
ДАШТ-д Урагвайн шигшээ баг гайхалтай тоглолт үзүүлснийг бид нар харсан. Тэд 40 жилийн дараа ДАШТ-ний шөвгийн 4т үлдэж чадсан юм. Ийм амжилт үзүүлэхэд тэдний довтолгоо маш их үүрэг гүйцэтгэсэн. Суарез нийт 3 гоол оруулсан ба Өмнөд Солонгосын хаалганд 2 гоол оруулж, мөн Ганын шигшээ багтай хийсэн тоглолтод эцсийн мөчид багаа авран шөвгийн 4т үлдэхэд гарамгай гавьяа байгуулсан билээ.. Харин түүний хамтран тоглогч Форлан нь 5 гоол оруулан Дэлхийн Аваргын “Мэргэн Бууч” болсон билээ..

Энди Кэрролл
Тиймээ түүнийг хэтэрхий өндөр үнээр авсантай би санал нийлнэ, гэхдээ үүнд би огт санаа зовохгүй байгаа.. Тэр үүнээс ч илүү зүйлийг Ливэрпүүлд өгөх ч юм билүү...

Астон Вилла 1-0 НьюКаасл.... 2 жилийн өмнөх улирлын хамгийн сүүлийн тоглолт. Ингээд НьюКаасл клуб ПЛ гэж нэрлэгдэх болсноос хойш 15 жилийн дараа дээд лигээс мултарсан юм... Тэд ийнхүү чампионшипт тоглох болоход багийн довтолгооны гол хүмүүс болох Обафеми Мартинс, Марк Видука, Дамиен Дафф... нар багаа орхиж явсан юм.. Гэвч тэднийг орлох хүн Ньюкааслд байсан нь Энди Кэрролл юм.. Тэрээр Престон Норт Энд багаас зээллэгийн хугацаа нь дуусан төрөлх Ньюкааслдаа ирээд байсан билээ.
Жинхэнэ Англи хэв маягийн хатуу ширүүн тоглолтууд Английн 2дахь лиг болох Чампионшипт болдог . Зарим хүмүүс энэ лигийн тоглолтыг “Ал эсвэл алуул” гэсэн тоглолт болдог хэмээн ярилцдаг ба энэ хатуу ширүүн тоглолтуудын дундаас Энди Кэрролл онцгойрон гарч ирсэн юм.. Тэрээр багийн нөхдүүд болох Жое Бартон, Шола Амеоби нарын хамтаар Видука, Мартинс, Дафф нарыг огт байгаагүй юм шиг гайхалтай тоглолт үзүүлж улмаар Ньюкаасл клуб Чампионшипд хол тасархай түрүүлсэн билээ..
Кэрролл чэмпионшипд 17 гоол оруулсан бөгөөд чөлөөт цохилтоос маш олон гоолыг оруулжээ. Энэ нь түүний биерхүү толгойгоороо сайн тоглодогтой холбоотой.
Премьер лигт орж ирээд энэхүү сайн тоглолтоо үзүүлж чадах болов уу? гэсэн хүлээлт фэнүүдэд байлаа. Улирал эхлэхийн өмнө Шотландын шигшээ багийн дасгалжуулагч Грэйг Левэйн түүнийг шигшээ багтаа тоглохыг урьжээ. Гэвч Английн шигшээ багийн менежер Фабио Капелло түүнийг шигшээгийхээсээ өмнөөс тоглуулахаар ятгаж чадсан юм.

НьюКаасл клуб ПЛ-д эргэж ирэн эхний тоглолтоо Манчестер Юнайтедын эсрэг хийсэн ч 3-0 ээр бут ниргүүлэв.. Гэвч дараагийн тойрогтоо Астон Вилла клубыг талбай дээр хүлээж авсан юм. Энэ тоглолт “Кэрролын шоу” гэж хэлж болохоор тоглолт болсон. Тэд өрсөлдөгчөө 6-0 ээр бут ниргэсэн бөгөөд Энди Кэрролл ПЛ-ийн анхныхаа хэт трикийг хийсэн юм. Эхний гоолоо булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг бужигнаан дундаас зүүн хөлөөрөө цохин оруулсан бол хоёр дахь гоолоо өндөр ирсэн дамжуулалтыг шууд зүүн хөлөөрөө цохин хаалгачын зүүн доод буланд оруулжээ.. Харин 3дахь гоолыг тэрээр өөрөө эхлүүлэн улмаар гоол болгосон юм. 40 ярдын зайтай байсан довтлогч Хискод нэгэн гоёмсог кросс хаян улмаар өөрөө урагшлан гүйж гоол оруулах сайхан байрлалд ирэхэд Хиско түүнд уралдуулсан дамжуулалт өгснийг мөн л зүүн хөлөөрөө цохин Брэд Фрийдлийн хаалгыг гурвантаа мялаасан юм. Тэрээр ингэж эхэлсэн гоолын цувралаа цааш нь үргэлжлүүлсэн бөгөөд 1р сард гэмтэл авах хүртлээ нийт 11 гоол оруулан мэргэн буучын тэргүүн эгнээнд бичигдэж байлаа. Зүгээр ч нэг гоолдох биш тэрээр маш чанарлаг тоглолт үзүүлж байсан нь Арсенал, Челси, Ливэрпүүл, Манчестер Сити гээд лигийн тэргүүн багуудын хаалганд гоол оруулснаас тодхон харагдана.
Мөн тэрээр өнгөрсөн 11 сард Англи болон Францын шигшээ багийн тоглолтод анх удаагаа шигшээ багт дуудагдан 9 ноймерын өмсгөлтэй талбай дээр гарсан юм. Хэдийгээр энэ тоглолтод Англичууд 2-1 харьцаатай хожигдсон ч Францын L'Quipe сонин Кэрроллыг Английн шигшээгээс хамгийн сайн тоглолт үзүүлсэн тоглогчоор нэрлэсэн юм.

Өнөөдөр түүний тоглолтыг Английн шигшээгийн домогт довтлогч Алан Шийрэр болон Данкан Фергусон нартай адилтган үздэг.. Агаараар ирсэн бөмбөгөнд үргэлж хүрэх бөгөөд, биеийн хүчний тоглолт сайтай, хүчтэй цохилттой, толгойгоороо маш сайн тоглодог чанарууд нь түүнийг яг л “классик 9 ноймер”-ын довтлогч хэмээн нэрлэж болохоор болсныг харуулж байна..
Кэрролл хүчирхэг ширүүн тоглолт үзүүлдэг шигээ зан авирын хувьд ч ширүүн догшин гэдгээ өнгөрсөн өвөл харуулаад амжсан.. Учир нь тэрээр найз бүсгүйхээ нүүрийг авах юмгүй болтол нь “гөвшиж” нэг сар гэрийн хорионд байх эрхээр шагнуулсан билээ.. Гэвч түүний энэ зан Кенниг байгаа цагт тийм ч их харагдахгүй биз ээ...

Харин одоо Кэрролл болон Суарез гэсэн хослол хэрхэн тоглох бол гэдэг талаар таамаг дэвшүүлэх гэж үзье..

Цаасан дээр бол тэд төгс хослол болох шинжтэй харагдаж байна, гэхдээ мэдээж юм тийм амархан байхгүй өчнөөн л асуудлууд гарч ирэх нь тодорхой.. Клуб 4-4-2, мөн зарим үед тоглодог 4-3-3, сүүлийн үед ашиглаж байгаа 5 хамгаалагчтай тоглох зэрэг олон хувилбарыг ашиглаж болно. Эдгээрийн алинд ч Кэрроллын байрлал нэг хэвийн байх юм.. Өөрөөр хэлбэл тэр ямар ч хувилбар сонгосон байлаа төвийн довтлогчоор тоглоно.. Харин бусад тоглогчид янз бүрээр түүнийг дэмжих байх.. Мэдээж багийн довтолгоо ихэвчлэн Кэрроллоор явагдах бөгөөд Луис Суарезын олон талт тоглолт түүнд бүр ч илүү боломж үүсгэнэ. Суарез баруун, зүүн аль ч талын туслах довтлогчоор тоглож чадах бөгөөд зарим үед түүний ард тоглох боломжтой.
Бразилын сэтгүүлч Тим Викери нэг удаа Суарез болон түүнтэй хамтрах Кэрролл нарын талаар ийн хэлж байжээ. Кэрролын тоглолтыг би үзэж байсан. Тэр Урагвайн ахмад довтлогч Себестиан Абреутай тун төстэй тоглолттой. Тэр Национал клубт Суарезтай хамтран тоглодог байсан бөгөөд нуруугаараа Кэрроллтой ойролцоо толгойгоороо маш сайн тоглодог тоглогч байсан юм. Суарезын чадварлаг тоглолт түүнд маш их боломж олгодог байсан.. Кэрролл бол Абреугийн сайжруулсан хувилбар, ирээдүйд бүр ч илүү сайжрана.. Мөн тэднийг Жеррард болон Мейрэлэш гэсэн чадварлаг хагас хамгаалагчид дэмжинэ гэхээр энэ довтолгооны хослол яаж ажиллахыг төсөөлж болох юм...гэж байжээ.

Тиймээ бид түүхэндээ байгаагүй их мөнгө зарж эдгээр довтлогчдыг өөрийн болгосон, магадгүй тэд биднийг буцаад дээд түвшинд аваачиж чадна гэдэгт итгэж болох байх.. Учир нь тэд хоёулаа нас залуу цус шингэн, амжилт гаргахаар улайран тоглоцгоох бизээ.. Бид ч тэдний гайхалтай тоглолтын гэрч болж олон сайхан ялалт, гоолуудыгхарна гэдэгтэй итгэлтэй байна.. 70 аад оны үед яг л Кэрролл шиг өндөр нуруулаг Жон Тошак болон Суарез шиг өндөр техниктэй чадварлаг довтлогч Кевин Кийгэн нарын гайхалтай хослол Ливэрпүүлд гялалзаж байсан бөгөөд олон ч цомын эзэд болцгоосон байдаг.. Яагаад энэ түүх давтагдаж болохгүй гэж...
Сүүлийн жилүүдэд Рафа-гийн удирдлагад бид Сиссе, Беллами, Воронин, Кийн гээд олон ч довтлогчдын нүүр үзсэн. Тэд хэдийгээр сайн довтлогчид ч хүссэн амжилтанд хүрч чадалгүй явцгаасан.. Учир нь өөр нэгэн довтлогчыг авчирахын тулд багаасаа хэн нэгнийг нь явуулах хэрэгтэй болдог байсан билээ..
Харин одоо клуб ч зөв голдрилдоо орж эхэлж байна.. Бид шинэ эзэдтэй болсноор санхүүгийн хувьд тогтворжиж өшөө ч илүү тоглогчдыг багтаа харах боломжтой болж эхэлсэн юм... Магадгүй бид Том Хикстэй хэвээр байсан бол хэзээ ч Суарез болон Кэрроллыг Ливэрпүүлд харж чадахгүй байсан биз ээ...