Tuesday, November 25, 2008

Стивен Жеррард /цуврал хэсэг 6/

Стивен Жеррард

Айронсайдын 10 дугаар байшингийн эзэн нь мэдээж аав. Энэ гэрт аавын үг хууль ч тэр хэзээ ч дарангуйлагч байгаагүй. Пол, бид хоёр хэзээ ч эцэг, эхээсээ айн зүрхшээж байгаагүй юм. Заримдаа бид тэдэнд илүү их эрхлэхийг хүсч нялхардагсан. Пол, бид хоёр эцэг, эхээ маш их хүндэтгэн дээдэлдэг. Манайх гэдэг маш дотно, нягт гэр бүл. Өглөөний цайгаа хамт ууж, орой бүр хамт суун зурагт үзэх юм уу, чалчицгаана. Ах, бид хоёр эцэг, эхээсээ илүү их хайр, энэрлийг нэхэх эрхгүй билээ. Ээж маань тун зарчимч эмэгтэй. Хэзээ ч Айронсайдын 10 дугаар байшинд өлсгөлөн нүүрлэдэггүй байсан. Жеррардынхан үргэлж ширээ дүүрэн суудаг байв. Хааяа ах бид хоёр ээжээс мөнгө гуйхад татгалздаг. "Аяга дүүрэн, гэдэс цатгалан байхын тулд л ингэж байгаа хэрэг шүү. Эн тэргүүнд тавигдах ёстой асуудал энэ биз дээ" гэж тэр хэлдэг байв. Бид ширээ тойрч суугаад бие биедээ жигнэмэг, ундыг нь дөхүүлэн цайлдагсан. Ээж "Та нар өмнөө байгаа зүйлээ идэж дуусахаас нааш хаа*a* ч явахгүй шүү" гэж анхааруулна.

Тэр үед мөнгөний үнэ цэнэ их байсан. Баярын өдрүүд дэндүү хол зайтай мэт санагдан, хурдхан баяр болоосой гэж мөрөөддөг байв. Бид жил бүр баяраар Скегнесс¹ дэх Батлин² руу юм уу, Девоны³ соёл, амралтын хүрээлэнд очно. Тэнд манай авга, нагац нар хүүхдүүдээ дагуулан очиж, асрагч эх, өвөө хоёр ч хааяа хамт явдаг. Бүх л гэр бүлээрээ баяр тэмдэглэдэг байв. Үнэхээр гайхалтай аялал. Энэхүү аяллын тухай бодол олон сарын турш толгойд минь хадаастай байдаг байв. Ээж энэ амралтыг эртнээс төлөвлөн, өвлийн турш мөнгөө хуримтлуулдаг байсан. Ээж энэ аялал гэр бүлд маань, ялангуяа Пол, бид хоёрт ямар чухал, хүсэн хүлээдэг зүйл нь вэ гэдгийг мэддэг. Хааяа ах, бид хоёрын аз таарвал найзуудаа-саа дагуулж явна. Би Полд тэр азтай зочныг сонгоход нь тусалдаг байв. Надад бол өөрөөсөө ах хүүхдүүдтэй хөл бөмбөг тоглож хөгжил-дөх нь л чухал. Скегнесст үнэхээр гайхалтай амралт болдог байсан.

Нэгэн удаа аав Линкольнширийн эрэг рүү явж байх замдаа надаас "Хүү минь, чи хөл бөмбөгийн сургуульд ормоор байна уу?" гэж асуулаа. Ямар хүсэл зорилготой буйг минь магадлаж байгаа нь тэр. Батлинд очоод эрэг дээр шаварт хутгалдан гүйж, бөмбөгөөр харилцаж тоглон, усан гулгуураар нисэх мэт хурдтай уруудаж байхад "Хэзээ би хөл бөмбөгийн сургуульд орж болох бол?" гэсэн бодол л толгойд эргэлдэж байв. Картингийн машин жолоодоод Полыг нэхэж байхад хүртэл хөл бөмбөгийн сургуулийн тухай бодсоор байсан. Тэгээд аав дээр очоод "Одоо явж болох болов уу?" гэж асуув. "Хүү минь, чи л шийднэ шүү дээ. Явж бололгүй яах вэ" гэлээ. Скегнесс дэх амралт үнэхээр зугаатай байлаа. Үдэш болоход бид нэгэн клубт очиж хамтлаг, дуучдын тоглолтыг сонирхоод караокед орж дуулцгаав. Маргааш өглөө нь би эрт сэрээд "Би хэзээнээс хөл бөмбөгийн сургуульд явж эхлэх вэ?" гэж аав, ээжээсээ асуув. Одоо бол Скегнесст нөгөө ертөнцөд буй мэт мэдрэмж төрөх болжээ. Аав, Пол, бид гурав үргэлж л хөл бөмбөгийн тухай ярилцана.

Аав "Ливерпуль"-ийн тухай маш сайн мэддэг, энэ багийн үнэнч хөгжөөн дэмжигч. Тэр надад "Ливерпуль"-ийн тоглолтын бичлэг авч өгөн, бид хамт үздэг байв. Нижигнэсэн алга ташилтын дор цэнгэлдэхэд орж ирэх Грэм Соунесс4 эсрэг багийнхнаа тоомжиргүйхэн харах Алан Хансен5, довтолгооны шугамд гялалзах Кенни Далглиш6 бичлэгт гарна. Нэг өдөр аав Далглишийн маш том зурагт хуу-дас авчирлаа. Шатаар өгсөн миний өрөөнд орж ирээд "Кенни Далглиш бол "Ливерпуль"-ийн бүх цаг үеийн хамгийн аугаа тоглогч" гээд надад тэр зургийг өгөв. "Тэр бол жинхэнэ эр хүн шүү. Алив, зургийг нь хананд чинь наагаад өгье" хэмээн нэмж хэллээ. Далглишийн зураг миний өрөөнд хэдэн жилийн турш өлгөөтэй байж билээ. Яг л бурхан шүтээн шиг байдагсан. Зургаа, долоотой байхдаа "Хаан" Кенниг "Энфильд"-д амьдаар нь харах боломж олдож байв. Одоо бол түүний тоглолтын хувцас миний шагналын өрөөнд хүндтэй байр эзлэн байдаг. Би "Энфильд"-д Кенни болон Иан Раш, Жон Барнес, Стив Макмахон нарт илбэдүүлсэн юм шиг л тоглолтод бүрэн уусан шингэдэг байв. Тэд бол үнэхээр агуу тоглогчид. Сэтгэлд хамгийн тодоор үлдсэн дурсамжаасаа хуваалцъя. 1989 онд "Арсенал"-ын Майкл Томас сүүлчийн минутад манай хаалганд гоол хийн, "Ливерпуль"-ийн хөгжөөн дэмжигчдийн зүрхэнд хутга *a*х мэт болсон тэр мөчид би "Энфильд"-д байсан. Тэр гоолоос болж бид лигийн түрүүг авч чадаагүй юм. Харин дараа жил нь Хансен аваргын цомыг өргөөд зогсож байхад нь би мөн л тэнд үзсэн. "Энфильд"-д аваргын цомыг буцаан авчирсан Хансеныг маш их бишрэн шүтэж байсан юм. Тэр бол үнэхээр гайхалтай мөч.

Би дөнгөж наймтай байхдаа л "Ливерпуль"-д бэлтгэл хийж эхэлсэн. Ингэснээр би жинхэнэ "Копите"7 болсон юм. Үүнээс өмнө бол би хэнийг дэмжихээ мэддэггүй байлаа. Нэг долоо хоногт нь "Гудисон Парк"-т очиж, дараагийнхад "Ливерпуль"-ийн хөгжөөн дэмжигчидтэй мөр зэрэгцэн зогсдог байв. Энэ үед би зөвхөн хөл бөмбөг үзэхийн төлөө л явдаг байсан. Бусад хүмүүсийн хувьд бол тийм биш. Аав л гэхэд "Улаанууд"-ын төлөө үхэхээс буцахгүй нэгэн. Тэр яг шашны дуу дуулж байгаа юм шиг "Ливерпуль, Ливерпуль, Ливерпуль" хэмээн уянгалуулж, бөмбөрддөг байв. Мерсисайдын маш олон гэр бүл дотроо өөр өөр багийг дэмждэг гишүүдтэй. Жишээ нь, ээжийн ах Лесли "Эвертон"-ы дэмжигч. Тэр тус багийн тоглолтын тасалбарыг улирлаар нь худалдан авч, хувцас, ороолт, туг гээд иж бүрэн хэрэглэлээр гангарна. Лесли намайг "Цэнхэрүүд" ийг дэм жигч болгохын тулд тоглолтоос буцаж ирэх бүртээ надад "Эвертон"-ы хувцас авчирдаг байж билээ.

Интернэтээр миний балчир үеийн зургийг хайвал "Эвертон" ы хувцсаар гангарсан фото олдоно. Цэнхэр цамц, богино өмд, оймстой. Намайг "Ливерпуль"-тэй гэрээ байгуулах үед "Эвертон"-ы дэмжигчид тэр зургийг минь хаанаас ч юм олж аваад хэвлэн тарааж байлаа. Энэхүү үйлдэлд нь би талархаж явдаг юм. Намайг "Ливерпуль" д алдаршиж эхлэхэд "Миррор" сонин тэр зургийг нүүрэндээ гаргаж байв. Үүнээс болж чамгүй том асуудал үүссэн билээ. Энэ зураг жинхэнэ үү, үгүй юу гээд л. Олон хүн үүнийг эвлүүлэг гэж бодсон байх. Гэхдээ энэ жинхэнэ зураг байсан. Энэ бол 1987 онд авахуулсан зураг юм. "Эвертон"-ы дэмжигч мэт гарсан уг зураг дээр би энэ багийг шүтэж биширсэндээ тэр хувцсыг өмсөөгүй. Лесли намайг зургаатай байхад тэр хувцсыг авч өгсөн бөгөөд хааяа намайг "Гудисон Парк" руу дагуулж явдаг байсан. Би нэг удаа сугалаанд хожиж, лигийн аваргын болон "Chanty Shield''-ийн цомны дэргэд зургаа авахуулах боломж олдсон. Үүнд Лесли нагац маш их баярлаж байв. Тэр үүгээрээ ааваас минь давж гаран, намайг урвуулна гэж бодсон байх. "Гудисон Парк"-ын шагналын өрөөнд "Эвертон"-ы хувцас өмсөөд баяр хөөртэй зогсох хүүгийнхээ зургийг хараад аав маш их уурласан. Аав Лесли нагацад хандан "Дахиж хүүгээ чамтай явуулахгүй" гэж хэлэв.
Image
Тэгээд над руу харан "Чи дахиж тийшээ явахгүй шүү" гэж зандарлаа. Гэхдээ бүх зүйл болоод өнгөрсөн шүү дээ. Би тэр үед дөнгөж долоотой байсан бөгөөд хөл бөмбөгт л ухаангүй дуртай байснаас "Эвергон", "Ливерпуль"-ийн хооронд тийм өрсөлдөөн өрнөдгийг мэдээгүй юм. Тухайн үедээ ямар алдаа гаргаснаа би ойлгоогүй. Лесли Айронсайдад ирэхдээ "Эвертон"-ы шинэ хувцас заавал авчирна. Үүнд нь сэтгэл хөдөлж, баярлан аавыг эзгүйчлэн Леслиг дагаж яваад дараа нь дандаа загнуулдаг байв. Аав миний энэ үйлдэлд үнэхээр дургүй. Лесли намайг "Гудисон Парк"-ын шагналын өрөө рүү дагуулан очиж, зурагчин хөтөлж авчраад тэр зургийг авахуулсан юм. Бүх л зүрх сэтгэл минь "Ливерпуль"-ийн төлөө чиглэх болсон энэ цаг үед тэрхүү мөчийг эргэн дурсахад би ямар дэмий зүйл хийснээ ойлгодог. Энэ бол гэнэн багын хэрэг. Бид бүгдээрээ л алдаа хийдэг шүү дээ.

Одоо "Эвертон", "Ливерпуль"-ийн аль нь ч бай, өөр багийнх ч байсан хамаагүй, хөл бөмбөгийн хув-цас л олдвол тэр миний баяр баясгалан. Тоглолтын хувцас цуглуулах нь миний хобби болсон. Зул сарын баяр, төрсөн өдрөөрөө би олон хувцастай болдог. Хэрэв өөрт минь байхгүй хувцас бэлгэнд ирвэл маш их баярлан хөөрнө. Аав, ээж маань надад ямар клубийн хувцас байгаа, ямар байхгүйг сайн мэддэг. Миний цуглуулга мэдээж "Ливерпуль", "Эвертон"-ыхоор эхэлсэн. Дараа нь "Тоттенхэм", "Манчестер Сити"-гийн хувцастай болж байлаа.
Онцлох тэмдэг бүхий номын хуудас бүрийг нь нямбайлан үзнэ. Хуудас бүрийг нь шалгаад бүх хувцсыг өмсөж үздэг байв. Тэгээд "Ээж ээ, би "Тоттенхэм"-ийн шинэ хувцсыг авмаар байна" гээд гуйна. Спорт барааны дэлгүүрийн каталог ном миний хүслээ гүйцэлдүүлэх ганц арга байгаагүй. "Match of the Day"-r үзээд нүдэнд туссан хувцсанд мөн санаархана. Цуглуулгаа арвижуулах гэсэн бодол толгойноос салахгүй. Хэрэв бүтэн сайны орой "Тоттенхэм"-"Эвертон"-ы тоглолт зурагтаар гарвал дууссаных нь дараа аль нь ч хожсон байсан хүүхдүүдэд би энэ тоглолтыг үзсэн шүү гэдгээ мэдрүүлэ-хийн тулд "Спэрс"-ийн хувцасыг өмсөөд гудамжинд гардаг байв. Зурагтаар үзсэн оддын нэр миний нуруун дээр байхад би маш дуртай.

Би "Эвертон"-ы хаалгач Невилл Саутхолын хувцсанд хамгийн дуртай. Би Саутхолын үйлдэл бүрийг дууриана. Оймсоо доош нь шуугаад шилбэний хамгаалалтаа ил гаргачихна. "Том" Нев маш гоё пүүз өмсөх ба би ээж, ааваасаа яг тиймийг авч өгөхийг шалдаг байв. Би Саутхолын үнэнч дэмжигч нь байсан. Хааяа гудамжинд тоглохдоо түүний хаалгачийн хувцсыг өмсөөд яг л Невилл Саутхол болсон мэт санагдан, зоригтой, гайхамшигт хаалтуудыг нь хийхийг хичээн зүлгэн дээр унадаг байв. Миний хөлбөмбөгт дурлаж, энэ замаар замнасанд түүний нөлөө багагүй бий. "Панини"8-гийн наалтан дундаас Невилл Саутхолын зургийг олчихоод яг л цом өргөж яваа мэт толгой дээрээ барин Айронсайдаар алхаж байснаа би мартдаггүй.
Хөл бөмбөгчдийн зургийн наалт, хувцас, тоглолт үзэхээр явах, энэ бүхэн миний хөл бөмбөгийн амьдралын салшгүй хэсэг. Гэх-дээ би "Ливерпуль"-д л хамгаас илүү хайртай.

Үргэлжлэл нь дараагийн дугаарт

1-Линкольншир гунлигийн зүүн зэхад, далайн эрэгдээр байдаг хот
2-Сэр хэргэмт Билли Батлиний байгуулсан гэр бүлийн амралтын газрын сүлжээний нэр
3-Английн баруун өмнөд хэсэгт орших хот
4-1991-1994 онд "Ливерпуль"-ийг дасгалжуулж байв. Урьд нь 1978-84ондэнэ багт тоглож байжээ
5-1977-1991 онд 'Ливерпуль''д тоглосон
6-1977-1990 онд "Ливерпуль "-д тоглосон
7-"Ливерпуль"-ийн хөгжөөн дэмжигчдийг ингэж нэрлэдэг
8-"Панини Комикс" хэмээх ном, наалт үйлдвэрлэгч том компанийн нэр

Стивен Жеррард /цуврал хэсэг 5/

Стивен Жеррард /цуврал хэсэг 5/


II БҮЛЭГ

Ухаажин томоожсон өсвөр нас минь

Би хичээлээ тасалж огт үзээгүй. Манай гэрийнхэн ч үүнийг байж болшгүй зүйл гэж үздэг. Хичээлээс завсардах нь тамхинд татагдах, мөнгөө буруу зүйлд үр ашиггүй үрэх зэрэг сөрөг талтай билээ. Намайг хааяа нэг болчимгүй зүйл хийхэд аав маань чих зөөлөн мушгихаас хэтэрдэггүй байв. Тэр хэзээ ч намайг зодож, цохиж байсангүй. Аавын үзэл, бодлоо илэрхийлэх арга нь бусдаас өөр. Түүний харц нь хамаг биеийг минь нэвт сүлбэх мэт болдог байж билээ. Би ямар нэгэн буруу зүйл хийгээд ингэж зогсохдоо бидний дотно харилцаа үүгээр тасалбар болох вий гэдэгт хамгаас илүү эмээдэг байлаа. Аав Пол ах, бид хоёрт хэзээ ч хүч хэрэглэж, чанга дуугаар загнадаггүй. Бидний гэм буруугаас Айронсайдад цагдаа, хууль сахиулагч ирэхийг тэр тэвчихгүй. Цөөнгүй хүн ах, бид хоёрыг цонхыг нь хагалсан гэж ховлохоор хаалгыг нүдэж байсан. Харин бид цагдаа, сэргийлэхэд хүрэхээр хэрэг тарьж байгаагүй.

Би нэг удаа маш том алдаа гаргасан. Ганцхан удаа л. Би хулгай хийгээд баригдчихсан юм. Би нэг найзтайгаа Ливерпулийн төвөөр хэсүүчлэн яваад "Woolies" их дэлгүүрт тэр хэрэгт орооцолдсон. Тэгэхэд бид хоёул 11 настай байсан. Бид хоёр Лайм Стрит* орж түргэн хоолны газарт хооллоод буцахад хангалттай мөнгөтэй байсан. Гэвч би тэр мөнгөөр хичээлдээ хэрэглэх хүснэгттэй цаас, үзэг зэрэг хичээлийн хэрэгсэл авах ёстой байв.

Бид "Woolies"-т очихоор шийдлээ. Дэлгүүрт ороод бүх тасгаар нь тэнэж, эцэст нь хэдэн үзэг авч халаасандаа хийгээд цаасаа хувцсан дотроо нуув. Тэгээд шууд л хаалга руу зүглэлээ. Ажиллагаа төлөвлөгөөний дагуу болж байв. Гайхалтай. Лайм Стритэд гамбургер идэж, кока-кола уух мөнгө халаасанд мэдрэгдэнэ. Дэлгүүрээс гарч явган хүний замд хүрлээ. Гүйцээ, одоо гүйцгээе.

Гэвч араас хэн нэгэн хашгирлаа. "Хөөе" гэхийг сонсоод хамаг цус хөлдчих шиг болов. "Зогсоцгоо!". Чөтгөр аваг, "Woolies"-ийн хамгаалалтын ажилтан байна. Бид айснаасаа болоод байрнаасаа хөдөлж чадахгүй зогсоно. Хамгаалагч биднийг шууд л заамдан чирлээ. Энэ бол миний амьдралд тохиосон хамгийн таагүй өдөр. Миний зүрх түжигнэн цохилж, толгойд есөн шидийн бодол эргэлдэнэ. "Миний хөлбөмбөгчин болох хөг өнгөрлөө, "Ливерпуль" одоо намайг хөөх байх даа. Аав ч гэсэн. Чөтгөр, яах гэж би үүнийг хийв ээ?" гэж бодон явав.

Хамгаалагч биднийг дэлгүүр лүү авч ороод өрөөндөө оруулан хулгайлсан хичээлийн хэрэгслийг нэгжин авав. Тэр маш ширүүн харьцаж байлаа. "Аль сургуулийнх вэ, та хоёр?" гэж хашгирав. "Гэр чинь хаана байдаг вэ? Алив утасны дугаараа өг" гэж загналаа. Толгой эргэж, юу гэж хэлэхээ мэдэхгүй зогсож байв. Өөрийн мэдэлгүй "Манайд утас байхгүй" гэж худлаа хэллээ. Хамгаалагч улам уурлан царай нь минчийн улайв. "Тэгвэл гэрийнхээ хаягийг хэл" гэж тэр шаардлаа. Би Айронсайдын талаар дурсмааргүй байв. Аавыг мэдчихвий гэхээс яс хавталзана. Яах вэ гэж эргэлзэн бодсоор. Хамгаалагч дахин гэрийн хаяг шалгаахад нь нагац эгчийнхийгээ заагаад өгчихөв. Тэр миний хэлснийг тэмдэглэж аваад биднийг "Woolies"-ээс хөөн гаргалаа.

Элдвийг бодон Лайм Стрит рүү гүйв. "Дэлгүүрээс сургууль руу утасдаж, тэгээд аавд хэлнэ. Одоо би шоронд орж, насаараа хөлбөмбөг тоглож чадахгүй нь. Новш гэж". Би Хюйтонд хүрч галт тэрэгнээс буусан ч Айронсайдыг зүглэж чадсангүй. "Аав намайг хулгай хийсэн гэж гарцаагүй алах болно" гэж бодов. Гэртээ шууд харихаас зүрхшээн нагац эгч Линнийд очлоо. Линн эгч намайг г эртээ оруулаад болсон явдлын талаар сонсов. Би ярьж дуусаад "Хамт манайд очъё" гэж түүнээс гуйлаа.

Линн эгч надтай хамт манайд очиж, мадад ямар хэцүү байгааг аавд тайлбарлав. Гэвч оройтжээ. Аав миний дэлгүүрт тарьсан хэргийг хэдийнэ мэдчихэж.

Муу мэдээ ч хурдан тархах юм аа. Яг л бодож байснаар "Woolies" дэлгүүрээс Сент-Мик сургууль руу ярьж, тэндээс аавд хэлсэн байна. Аав их уурлажээ. Намайг угачин гэрт оруулав. Би "Одоо ч алж өгөх байх даа" гэж бодов. Тэр намайг цоо ширтэн хэсэг зогслоо. "Чи яах гэж ийм юм хийв?" гэж асуув. "Яагаад хулгай хийж байгаа юм бэ? Яагаад мөнгийг нь төлөөгүй юм? Тэр зүйл чинь тийм хэрэгтэй байсан юм бол яагаад ээж, бид хоёроосоо мөнгө аваагүй юм? Яагаад, яагаад?". Асуултаа ар араас нь тавьсаар, "Бид манай гэрт хулгайч байхыг тэвчихгүй. Сургууль чинь ч чамайг хүлээж авахгүй байх. Тэд чамайг яагаад юм хумсалсныг мэдмээр байна гэсэн", Болдогсон бол цаг хугацааг ухрааж Лайм Стритэд буцаж очоод тэр мөчийг залруулахсан. Гэвч бүх зүйл болоод өнгөрсөн. "Аав". Би тайлбарлахыг хичээв. "Аав, хэрвээ сургуулиас намайг "яагаад ингэсэн бэ" гэвэл би "гэрийн даалгавараа хийх гээд" гэж хэлчихье. Би амттан биш, хичээлийн хэрэгсэл авсан шүү дээ. Хүснэгттэй цаас авсан" гэлээ. Аав над руу харснаа "Тэр чинь надад хамаагүй" хэмээв. Энэ үг надад том цохилт боллоо. Энэ байдлаас гарахад надад юу ч тус болохоос өнгөрчээ. Аавын дараагийн үг бүр хүчтэй, аймшигтай байв. "Хэрвээ болсон явдлын талаар "Ливерпуль" мэдвэл чиний асуудал бур хэцүүднэ дээ, Стивен". Тэр "Стив Хейвэй чамайг яаж үнэлдэг билээ? Чи "Ливерпүль" дэх бүх зүйлээ үгүй хийлээ дээ. Тэд одоо чамайг багаасаа хөөх нь гарцаагүй" гэж үргэлжлүүлэн хэлэв. Эдгээр үг миний сэтгэл дэх хүсэл мөрөөдлийн бөмбөгийг хагалах мэт боллоо. Би яг тэгж мэдэрсэн. Би аавдаа хайртай. Ингэж хэлснийх нь төлөө би түүнийг үзэн ядаж Байв. Би "Ливерпуль"-д үнэн голоосоо хайртай. Баг маань намайг хөөнө гэдэг аймшигтай зүйл.

Хөлбөмбөг гэдэг бол миний хүсэл, мөрөөдлийн оргил билээ. "Би яах гэж хулгай хийв ээ? Бурхан минь, юу болчихов?" Хулгай гэдэг байж болошгүй зүйл. Надад мөнгө байсан, хэрэв мөнгөгүй бол яах байсан бол. Эцэг, эх маань ах бид хоёрт "Та нар хулгай хийж болохгүй. Хэрэв та нарт ямар нэг зүйл хэрэгтэй бол худал, хуурмагаар түүндээ хүрч хэрхэвч болохгүй" гэж үргэлж захидаг байсан. Усан тэнэг би аав, ээжийнхээ үгийг үл хэрэгсэн хулгай хийгээд үр уршгийг нь ингээд биеэрээ амсаж байна. Аав намайг загнаж байхад ээж үүдэнд зогсон аавын хэлэхийг сонсон намайг ажиглаж байв. Ээж аавын хэлсэн бүхнийг хүлээн зөвшөөрч, түүний талд байсан ч надад ямар хүнд байгааг мэдэрч, аавд ойлгуулахыг хүсч байлаа. Ах, бид хоёр ээжийн хайртай хөвгүүд, Тэр биднийг үргэлж өмгөөлдөг. Би ээждээ дандаа эрхэлнэ. Хэрэв ээж намайг загнавал "Аан, ээж яагаад загнаад байгаа юм бэ?" гээд нялхарна. Тэгэхээр ээжийн нүүрэнд инээмсэглэл тодорч тэвэрдэгсэн. Гэхдээ ээж бидний алдааг өөгшүүлдэггүй. Тэр "Woolies"-т болсон явдалд ааваас дутахгүй уурласан нь тодорхой. Гэвч тэр аавтай зэрэгцэн загнаагүй.

Ихэнх хүүхэд хулгай хийх, тамхи татах зэрэг болчимгүй зүйл хийснийхээ төлөө аавдаа суран бүсээр ороолгуулдаг байх.

"Woolies" дэлгүүрт надтай хамт очсон найз маань л лав хэдэн өдөр гэрээсээ гарахааргүй болж байсан. Харин миний аав, ээж хоёр бидэнд огт өөрөөр ойлгуулдаг, Тэгэхэд аав намайг өрөөнд маань түгжээд гурван хоног гаргаагүй. Энэ нь надад яг л хагас жил шиг удаан санагдаж билээ.

Пол намайг өрөвдөх нь битгий хэл тохуурхаж байв. Түүний өрөө минийхтэй харалдаа. Ах өрөөндөө хоригдсоныг минь тавлан инээнэ. Хаалгыг маань аяархан тогшоод "Стиви, би гадагшаа гарлаа. Тэнд ч гоё байна даа. Чи гарахгүй юм уу?" гэж шивнэнэ. Намайг яаж ч чадахгүй болохоор уурыг минь хүргэж байгаа нь тэр. "Компьютер шатны хажууд байгаа шүү. Гоё тоглоом тогломоор байгаа биз дээ" гэж хаалганы цаанаас хэлээд гүйн одно. Өрөөнөөсөө гарч чадахгүйг минь мэдсээр байж. Энэ бүхэн намайг хэсэг хэсгээр нь огтолж байгаа мэт аймшигтай байлаа. Пол гадаа гарч, хөлбөмбөг тоглох нь сонсогдоно. Тэр "Хөвгүүд ээ, гараад ир. Хөлбөмбөг тоглоё" хэмээн Айронсайдын хүүхдүүдийг уриалан хашгирна. Энэ нь надад маш хүнд эрүүдэн шүүлт байсан. Хүүхдүүдийн хашгиралдаан, гоол хийж, хожсоны дараа баярлан хөөрч буй чимээг сонсоод уйлчихдаг байж билээ. Миний өрөө яг талбай руу харсан цонхтой. Найзууд маань "Стиви, Стиви, энэ үнэхээр гоё тоглолт болж байна. Чи үүнд оролцож чадахгүй нь тун харамсалтай" хэмээн хашгирцгаана. Энэ үгийнх нь араас даажин хийсэн инээд сонсогдоно. "Миний найзууд, төрсөн ах маань. Тэд намайг сонсож байгааг мэдэж л байгаа. Энэ нь надад ямар хэцүү болохыг ч мэднэ. Гэтэл ингэж байдаг" гэсэн гоморхсон бодол төрөв. Тэднийг намайг дуудаж хашгирахаа болиход нь цонхоор сэмхэн тоглохыг нь харж, атаархан зогсдог. Би хийсэн хэргийнхээ төлөө ингэж хоригдон ганцаардаж байв. Үнэндээ энэ явдлаас хойш би хэн нэгний нөлөөнд авталгүй өөрийгөө хэвийн авч явж чаддаг болсон. Найзууд маань дэлгүүр болон агуулахаас амттан, ундаа хулгайлахад нь би харж л байсан. Би тэдэнтэй хамт байсан ч тэр хэрэгт нь хуруугаа ч дүрдэггүй байв. Сургууль дээр хөлбөмбөг тоглож байхад найзууд маань халааснаасаа тамхи гаргаж ирнэ. Тэгээд хүмүүсийн нүдэн дээр тоосон янзгүй асаагаад л баагиулцгаана. Томчуулаас санаа зовно гэж байхгүй. Зарим нэг нь гудамжаар сэлгүүцэх санал гаргахад би нэг газраа юм ярьж суусан нь дээр гэнэ. Хэрэн тэнэх нь муу зүйлд татагдах магадлалыг ихэсгэж буй хэрэг билээ. Аав маань зөв замд хөтөлсөн нь завшаантай. Түүний заавар, зөвлөгөөгүйгээр би өдий зэрэгт хүрэхгүй байсан.

* - Ливерпулийн төв дэх галт тэрэгний буудал, том үйлчилгээний төвүүдтэй гудамж

Үргэлжлэл бий.