Friday, November 21, 2008

Нэгдүгээр бүлэг - Улааны төлөө заяагдсан


Нэгдүгээр бүлэг

Улааны төлөө заяагдсан
Миний судсыг нээж харвал яг л "Ливерпуль"-ийнх шиг улаан цус оргилох болно. Би энэ багт зүрхний угаас хайртай учраас тэр. "Энфиль"д тоглох хүсэл, мөрөөдөл минь Жонполыг өнгөрөхөд улам бүр хүчтэй болж билээ. Дунд сургуульд байхдаа хүнд гэмтэл авч шаналж хэвтэхдээ энэ хүсэл маань туйлдаа хүрсэн юм. Миний хөлбөмбөгчний замнал бүр эхлээгүй байхдаа сүйрчихэж болох байлаа. "Ливерпуль" болон Английн шигшээд тоглон Европын цомыг толгой дээрээ өргөж, ДАШТ-д од болон гялалзах зэрэг бүх мөрөөдөл минь биелэх боломж үлдэх эсэхийг есхөн настайдаа мэс засалчийн ур чадварт найдаж байж билээ.

"Энфильд" бол миний анхны хайр, хоёр дахь гэр минь юм. Ирээдүй минь эмнэлэгт өнгөрөх вий гэсэн айдаст автсан тэр үед би "Вернон Сангстер" спорт сургалтын төвд Майкл Оуэнтэй хамт хичээллэдэг байлаа. Одоо ч Мерсисайдын Хюйтон дүүрэг дэх гэрийнхээ ойролцоо тэр хэсэг зүлгэн дээр болсон явдлыг эргэж санахаар бие минь зарсхийх шиг болдог. Тэр бол бутаар хүрээлэгдсэн хог хөглөрсөн жижиг талбай байлаа. Тэр газар луу хүмүүс хогоо зүгээр л хаячихдаг байсан. Гэхдээ үүнийг бид хайхарсангүй. Энэ талбай бол найзуудтайгаа хөлбөмбөг тоглоход яг тохирсон газар. Бид өвөл зунгүй, өдөр шөнийг ялгалгүй энд л өнждөг байсан. Тэр хог новшинд дарагдсан жижиг талбай биднийг тоглоход "Энфильд", Тудисон Парк", "Уэмбли" хэмээн нэрлэгдэж, энэ дэлхий дээрх хамгийн эрхэм газар маань болдог байлаа. Нэгэн хагас сайны өглөө манай ойролцоо байдаг Марк Ханнан гэдэг хүү бөмбөг өшиглөе гэж дуудав. Бид төдөлгүй талбай дээрээ очлоо. Энэ "Бернабеу" биш ч бидний гэр. Найз маань ням гаригийн лигт тоглодог багаасаа хэсэг тор авснаа хүзүүндээ тохжээ. Бид түүнийг нь хоёр хувааж хаалга хийгээд талдаа долоон гоолоор тоглохоор болов. Гайхалтай.

Тэгээд Марк бид хоёр орчин тойрноо анхаарах сөхөөгүй тоглолоо. Гэтэл бөмбөг маань хэсэг халгайн дунд өнхрөөд орчихов. Тэвдэх юм алга, гараараа татаад л гаргачихна. "Миний гар хүрэхгүй байна аа. Би халгайнд түлэгдчих гээд байна" гэж Маркад хэлэв. Бөмбөг огт харагдахгүй байлаа. Халгай дэндүү шигүү ургажээ. Би "өшиглөөд гаргачихья" гээд оймсоо дээш нь татаад халгайн дунд яваад орлоо. Олддоггүй ээ. Хөлд маань нэг юм тэмтрэгдэв. Түүнийг маш хүчтэй өшиглөлөө. Баруун хөл бол миний цохилт хийж, дамжуу лалт өгдөг гол зэвсэг билээ.

Аймшигтай юм, аймаар өвдөлт мэдрэгдэв. Би ямар нэг юм өшиглөчих шиг боллоо. Бурхан минь, ямар аймшигтай өвдөлт вэ? Шууд л зүрх минь зогсох гэж байгаа мэт болов. Би газар унан тусламж гуйн хашгирлаа. Би өдгөөг хүртэл хүнд, хөнгөн гэмтэл олон удаа авч байсан ч яг үүн шиг ийм аймшигтай өвдөлтийг дахиж мэдрээгүй. Зүүгээр ясыг маань хатгаж байгаа мэт байв. Марк гүйн ирлээ. Би "Марк, би яачихав аа? Би хөлөө халгайн дундаас гаргаж чадахгүй нь" гэж хэллээ. Марк анхааралтай ажиглаж байв. Бурхан минь, түүний бүх цус юүлэгдсэн мэт царай нь хувхай цайлаа. Би "Тэр бөөлжих гэж байгаа юм биш биз дээ" гэж бодов. "Яачихсан байна?" гэж асуугаад хөл рүүгээ харахдаа нүдэндээ ч итгэсэнгүй. Өвсний тармуур миний эрхий хуруунд зоогдчихож. Хэн нэг нь хэрэглэхээ больсон тармуураа халгайн дунд шидчихжээ. Ишгүй, зэвэрсэн төмөр шүдтэй тэр тармуурыг би яг оноод өшиглөчихсөн байв. Сэрээний шүд ясанд минь тулахыг мэдэрч байлаа.
"Явж хэн нэгнийг дуудаач" гэж намайг хашгирахад Марк манайхыг зүглэн гүйв. Хөрш айлын Нейл Уэстон миний хашгирахыг сонсоод гүйн ирлээ. Тэр намайг халгайн дундаас татан гаргав. Хөл рүүгээ хартал тармуур яг л миний нэг хуруу шиг ёрдойж байлаа. Хөрш маань "Би үүнийг сугалчих уу?" гэж асуув. Би "Та чадахгүй ээ, хэрэггүй" гэж хашгирлаа. Тэр "Юу ч гэсэн би оролдоод үзье" гээд өмнө минь суув. Сэрээ сугарах янзгүй байлаа. Тэр "Би түргэн тусламж дуудъя" гээд гүйн одов.

Би зүлгэн дээр хэвтсээр. Нулимс хацрыг минь даган урсаж, айдас бодол санааг минь эзэлжээ. Би дахиж хөлбөмбөг тоглож чадах болов уу? Чөтгөр ав гэж.

Ээж, аав хоёр гүйн ирлээ. Аав харангуутаа л байдал хүнд буйг ойлгов бололтой. "Хүү маань хөлгүй ч, болж мэднэ" гэж түүнийг ээжид шивнэн хэлэхийг сонсов. Хөлөө тайруулах гэж үү? Бурхан минь, үгүй ээ. Би "Ливерпуль"д тоглох хүсэл, мөрөөдлөө энэ хэсэг халгайн дунд булшилж орхилоо гэж үү?
Ашгүй Элдер Хейгийн түргэн тусламжийн машин ирлээ. Энэ бүх зүйл арван минутад л болсон ч надад арван цаг үргэлжилсэн мэт санагдаж билээ. Эмч нар эхний үзлэгээ хийгээд тармуурыг энд сугалж авч болохгүй гэсэн дүгнэлтэд хүрэв. Тэдний нэг нь "Бид эмнэлэгт очиж байж сэрээг авахгүй бол болохгүй. Бохир орж мэднэ" гэж хэллээ. Дөрвөн хүн намайг өргөн машинд оруулахад түргэн тусламжийн машин Элдер Хейгийн зүг гэрлээ асааж, дохиогоо хангинуулан уралдаж буй мэт давхилаа. Эмнэлэгт очих хүртэл үнэхээр аймшигтай байлаа. Би Ливерпулийн зам ийм их донсолгоотой гэдгийг ер мэдээгүй юм байна. Зогсолтгүй сэгсчүүлэн давхиж буйд нь уурлан би жолооч руу хашгирч байв. Намайг хөдлөх тоолонд сэрээ ясанд минь улам гүн орж байгаа мэт санагдан, асар хүнд чулуугаар хурууг маань тахийлгаж буй юм шиг байлаа. Хөдлөх тусам нулимс асгарсаар. Би чичирч байв.

Эмч нарын нэг нь хуруунд зоогдсон сэрээг савлуулахгүйг хичээнэ. Өвдөлт улам бүр хүчтэй болсоор. Би жолооч руу хашгирсан хэвээр. Ээж, аав маань "Энэ түүний буруу биш шүү дээ" хэмээн намайг тайвшруулахыг хичээнэ. Би зүгээр л өвдөлтөө намдаахыг хүссэн юм. "Зогсооч, зогсооч, гуйя". Гудамжууд жирэлзэн өнгөрнө. Эмч нар надад хиймэл амьсгаа хийж явлаа. Элдер Хей эмнэлэгт хүрээд намайг шууд эрчимт эмчилгээний тасагт аваачив. Хэн ч байсан хараад л ямар хүнд болсныг ойлгохоор байлаа. Чимээ шуугианыг нь сонссон ч тэр. Ээж цурхиран уйлж, би эмнэлгийг нураах шахан хашгирч байв.

Өвчин намдаах тариа хийсний дараа л би ёолохоо болив. Тариа бүрэн үйлчлээгүй ч бие тайвширч байлаа. "Энэ тармуур дэндүү бохир юм. Тиймээс цусанд нь бохир орж мэднэ. Бид үхжилийг тархахаас өмнө хурууг нь тайрахыг хичээе" гэж хэлэх нь бүүр түүрхэн сонсогдов. Аав эмчийн яриаг таслан "Стивен хөлбөмбөг тоглодог. Та ямар нэгэн мэс ажилбар хийх гэж байгаа бол эхлээд "Ливерпуль"ийн хэн нэгэнтэй ярилцах хэрэгтэй. Тэд хэрхэхийг шийдэх болно" гэж хэлэв. Аав "Ливерпуль"ийн Академийн захирал Стив Хейвэйгэй холбогдон хэлэхэд тэр маш хурдан иржээ. Стив тун шийдэмгий ярилцаж, хяналтыг гартаа оруулав. Тэр "Та нар түүний хурууг тайрч хэрхэвч болохгүй" гэж эмч нарт хэллээ. Эмч "Бид мэс засал хийх болно. Шийдвэрийг мэс засалч гаргадаг юм" гэж хариулав. Стив зөрүүдэлсээр. "Үгүй ээ. Яасан ч тайрч, тасдах юм хийж болохгүй".

Энэ маргаанд Стив яллаа. Бурхан минь, түүнд маш их баярлалаа. Эмч хөлийг мэдээ алдуулж тармуурыг хуруунаас минь салгав. 20 фунтын зоос орчихмоор том нүх гарчээ. Энэ маш хүнд гэмтэл байсан ч мэс засалчид эрхий хурууг минь, хөлбөмбөгийн ирээдүйг маань хамгаалж чадлаа. Стив "Залуу минь, азтай, дэндүү азтай юм аа" хэмээв. Эмч нар ч түүнтэй санал нэг байлаа. Гэд "Бид урьд нь чамд тохиолдсон шиг ийм зүйлийг харж байсангүй" гэж хэллээ. Дандаа л миний уурыг хүргэж, надтай зөрчилдөж явдаг ах Пол маань их санаа зовсон байдалтай харагдав.

Энэ явдлаас болж би гурван долоо хоног сургуульдаа явсангүй. Эмч нар хэсэг хугацаанд тайван амрахыг зөвлөсөн юм. Багш нар надад гэрийн даалгавар явуулсан ч би огт хийгээгүй. Би гэмтлээ эдгээх гээд тун завгүй байлаа. Гэрийнхэн маань намайг их бөөцийлнө. Би буйдан дээр хэвтээд хөлийн боолтыг солихыг хүлээн "Ливерпуль"ийн тоглолтуудыг үзэн хэвтдэг байлаа. Гайхамшигтай. Жон Барнес, Кенни Далглиш, Иан Раш гээд миний шүтээн болсон тоглогчид ур чадвараараа гайхуулах нь дэлгэцнээ харагдана. Энэ нь миний хурдан эдгэх хүслийг дэврээх нэг арга байжээ. Өдөр бүр асрагч ирж шарханд бохир орохоос сэргийлэн цэвэрлэгээ хийж, спирттэй хөвөнгөөр оёдлын эргэн тойронд нямбайлан арчина. Тэгээд тэр өвдөг хүртэл боолт хийдэг байв. Шарх аниад эдгэхэд хөвөнгүй боолт хийдэг болов. Удалгүй би суга таягтай хичээлдээ явдаг болсон. Гэхдээ л ногоон талбайд гарахад эрт хэвээр байлаа. "Вернон Сангстер" лүү явж, багтайгаа бэлтгэл хийж чадахгүй байв.

Энэхүү осол, эмчилгээ хийлгэж байсан өдрүүд хөлбөмбөг миний амьдралд ямар чухал зүйл вэ гэдгийг ойлгуулсан юм. Би энэ үеэс хойш телевизээр хөлбөмбөг үзэхдээ арай өөр нүдээр, илүү хянуур хардаг болсон. Би буйдан дээр суугаад толгойгоороо, мөн зүүн хөлөөрөө бөмбөгжонглёрддог байв. Бөмбөгөө гайгүй эзэмшдэг болж, тоглох итгэл минь ч лавширсан. Ирээдүй минь бөмбөггүйгээр төсөөлөгдөхөө больсон байлаа. Гэмтлээ эдгээж таван долоо хоног болсны эцэст чөлөөтэй өшиглөж чадахаар болсон. Бурхандаа маш их баярлалаа. Хөлбөмбөггүйгээр миний амьдрал хоосон, утга учиргүй ажээ. Бөмбөггүй байна гэдэг ганцаардал юм гэдгийг би хэзээ ч мартахгүй.
Элдер Хейгийн эмч нар сургуулиас чөлөөлөх зөвшөөрөл олгосны зэрэгцээ бас нэгэн зөвлөгөө өгсөн юм. Намайг зэвтэй тармуураас салгаж өгсөн мэс засалч "Энэ арын цэцэрлэгт хаяж болохгүй л зүйл байна даа" хэмээсэн.

Тэгээд ээж, аав хоёр тэр тармуурыг дасгалжуулагчид харуулаад улмаар өмгөөлөгчид үзүүлэн, эцэст нь зарга үүсгэхээр шийдсэн юм. Тэр хогтой талбай дүүргийн зөвлөлд хамаарах учир бид тэдэнд хандан нэхэмжлэх хүргүүлэв. Танд ийм зүйл тохиолдсон бол бас ингэх л байсан байх. Би амьдралдаа хоёр л удаа нөхөн төлбөр авч байсан. Такситай явж байгаад осолд ороод 800 фунтын нөхөн төлбөр хийлгэсэн бол хөлөө тар муурт гэмтээсний төлөөсөнд 1200 фунт авсан. Энэ муу зүйл биш. Нөхөн төлбөр авсны дараа ээж намайг дэлгүүр лүү дагуулж яваад тоглолтын болон бэлтгэлийн шинэ хувцас, цүнх авч өгөв. Ээж "Энэ бүхэн чиний өвдөж, шаналж байсантай харьцуулахад шалихгүй зүйл. Гэхдээ энэ бүх мөнгийг чамд л зарцуулах ёстой" гэж билээ.

Тэрхүү явдлын тухай эргээд бодох бүрт цахилгаанаар цохиулж буй мэт яг тэр үеийн өвдөлтөө дахин мэдрэх шиг болдог. Би зоогдсон сэрээг эргэн төсөөлөх бүрт ясанд минь тулан чахран дуугарч байгаа юм шиг санагдан эвгүйцдэг. Болсон явдлын талаар аавтайгаа ганц, хоёр удаа ярьж үзсэн. Тэр Стив Хейвэй шиг тийм зоримог, шийдэмгий байгаагүй. Аав маань хэзээ ч "Би хурууг чинь тайрахгүй гэдэгт итгэлтэй байсан" гэж сагсуурч байгаагүй. Харин зүгээр л "Стивен, миний хүү хувьтай хүн шүү" гэж хэлж байсан. Бид бүгдээрээ хэрэв тэр хогтой талбайд хэвтэж байсан тармуур хурууг минь нэвт хатгаад эмч нар баруун хөлийн эрхий хурууг тайрсан бол надад Английн шигшээ болон "Ливерпуль"д тоглох ямар ч боломж үлдэхгүй байсныг сайн ойлгодог.

Жеррард "Миний намтар"

За удаан хугацаанд блогтой орсонгүй.. Бага сага юм нэмэе..
5 цагариг сонин Жеррардын номыг цувралаар нийтэлж байгаам байна...

“Ливерпуль” клубийн ахлагч Стивен Жеррардын "Миний намтар" ном

“Ливерпуль”-ийн хүүхдийн сургуульд Жейми Каррагер, Майкл Оуэн нартай хамт хүмүүжсэн Стивен Жеррардын яагаад багаа сольдоггүй шалтгаан, тоглогчийн замналаа өндөрлөсөн хойноо ч клубтээ хүчин зүтгэх хүсэл эрмэлзлийнх нь тухай та энэ номоос унших боломжтой.

СТИВЕН ЖЕРАРД

Талархал
Энэ номоо гайхалтай гэрийн эзэгтэй Алекс, хөөрхөн охид Лилли-Элла, Лекси болон цаг үргэлж миний төлөө байдаг хайрт аав Пол, ээж Жюли, миний шүтээн болсон ах Пол нартаа зориуллаа. Мөн сайн найз, итгэлтэй агент Струан Маршалл, түүний туслах Катрин Тэйлор нарын үйл ажиллагаанд сэтгэл хангалуун явдгаа илэрхийлье.

"Ливерпуль" багт тоглох боломжийг олгон мөрөөдлийг минь биелүүлсэн хүн бүрт маш их талархаж явдаг. Би хэзээ ч ганцаараа алхахгүй гэдгээ мэднэ. Миний амьдралын түүхийг сонсож, сэтгэлд нийцтэл бичсэн "Дэйли Телеграф"-ын Хенри Винтер, "Дэйли Экспресс"-ийн Пол Жойс нарт баярлалаа. Мөн Даг Янг эрхлэгчтэй "Transworld" хэвлэлийн газрынхныг бахдая. Туслах Эмма Масгреив, редактор Даниэль Баладо-Лопес, хавтасны загварыг зохиосон Стив Малкэхи, хэвлэгч Билл Скотт-Керр, Элисон Бэрроу нарт маш их баярлалаа. Мөн миний "Ливерпуль" болон Английн шигшээд хийсэн тоглолтуудын статистикийг олж, нэгтгэж өгсөн Жед Ри, Дейв Бол нарт талархал илэрхийлье.

Өмнөх үг
Би “Энфильд” рүү орохоор “Шэнкли Гейт”-ээр өнгөрөх бүртээ өөрийн эрхгүй хурдаа саадаг. Тэнд Хиллсборогийн эмгэнэлт явдлын дурсгалд зориулан босгосон хөшөө байдаг юм. 1989 оны “FA Cup”-ын хагас шигшээд хайртай багаа дэмжихээр яваад эргэж ирээгүй “Ливерпуль”-ийн 96 хөгжөөн дэмжигчийн бунхан хүндэтгэлтэйгээр дүнхийх бөлгөө. Цэнгэлдэхэд ирсэн хөгжөөн дэмжигчдийн гүн хүндэтгэлийн илэрхийлэл болгон үлдээсэн ороолт, мөн тэрхүү эмгэнэлт ослоор гэр бүл, төрөл төрөгсөд, ойр дотныхноо алдаж, сэтгэлийн эдгэршгүй шархтай үлдсэн хүмүүсийн тавьсан цэцгийн баглаа ойр тойронд нь харагдана. Өмнө талд нь тэрхүү 96 хөгжөөн дэмжигчийг хэзээ ч мартаж болохгүйг сануулах мөнхийн гал бадамлан асна.

“Leppings Lane End”-ээс унаад дахин босч ирээгүй тэдний нэрийг бичсэн бунханд уншиж болохуйц ойрхон машинтайгаа өнгөрлөө. Нэг нэрийг тогтож харав. Шеффильдээс эргэж ирээгүй хөгжөөн дэмжигчдийн хамгийн бага нь болох арван настай Жон-Пол Жилхули. Хайртай багаа дэмжихээр яваад эргэж ирээгүй бяцхан хөгжөөн дэмжигч. Амьдрал нь дөнгөж эхэлж байхад ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн хүү. Суудлын тооноос давсан үзэгч цугласан нь тэдний үхлийн шалтгаан байлаа. Би Жон-Полыг мэднэ. Тэр бол миний үеэл юм. Нуруугаар хүйт дааж, бие маань чичивхийлэх шиг болов. Бунханд ёслоод хурдаа нэмлээ.

Машинаа зогсоолд тавьчихаад “Энфильд” рүү Жон-Полын тухай, түүний эцэг, эхийн талаар, өөрийгөө ямар азтай вэ хэмээн бодсоор алхав. Хиллсборогийн аймшигт явдал болж, Жон-Пол өнгөрөхөд би есөн настай байсан. Бид хоёр нэг насны зөрүүтэй ба хөлбөмбөгт өгсөн сонирхлоороо нэгддэг байв. Жон-Пол бол “Ливерпуль”-ийн үнэнч хөгжөөн дэмжигч. Үйлдэл бүхнээрээ үүнийгээ илэрхийлэх тэрбээр надад нөлөөлж, нэг л мэдэхэд би улаан цамцнаас салахаа больсон байж билээ. Ойрхон газар амьдардаг, адил сонирхолтой гээд биднийг ойртон дотносуулах зүйл бишгүй. Жон-Пол “Ливерпуль”-ийн хувцас өмсөөд бидний амьдардаг Ливерпулийн захад орших Хюитон дүүргийн хэдэн гудамжаар бөмбөг өшиглөн өдөржингөө тэнэдэгсэн. Энэ баг Жон-Полын ертөнцийн илэрхийлэл байсан юм.

Мерсисайдын бүхий л хүний ой тойнд шингэсэн шиг 1989 оны дөрөвдүгээр сарын 15-ны бямба гариг миний санаанаас гардаггүй. “Ливерпуль” гэдэг “шашин”-тай гэрт би өсч хүмүүжсэн. Тэр үдэш тоглолтын үеэр ямар нэг таагүй зүйл болсныг дуулсан манайхан агшин зуур зурагтынхаа өмнө цуглан мэдээ үзлээ. Аав, ээж, ах бид бүгдээрээ нүдэндээ итгэмээргүй зураглалыг харж, балмагдан сууж байв. Аймшигт мэдээ үргэлжлэн сонсогдоно. Биднээс яг юу болоод байгааг ойлгох хүн байсангүй. Яагаад? Яаж? Хэн? гэхчилэн өчнөөн асуулт араасаа хөвөрнө. Тэр орой манай гэрийнхэн бүгд л уруу царайлан гунигтай байсан. Бүгдээрээ “Бурхан минь, бидний таньдаг хүмүүсээс л тэнд битгий байгаасай" гэсэн үгийг байн байн давтан бувтнацгаана. Шөнө болж, би унтахаар явлаа. Шатаар өгсөж өрөөндөө ороод орон дээрээ тэрийн унаж, элдэв бодлоо хөөн унтахыг хичээв. Гэвч нойр минь хулжжээ. Хиллсборогийн зураглалууд нүдэнд үзэгдсээр. Тэгж хэвтсээр үүрээр багахан зүүрмэглэсэн байв.

Маргааш өглөө нь 08.30 цагийн орчимд хаалга тогших чимээ сонсогдов. Би шатаар гүйн бууж хаалгаа онгойлголоо. Тони өвөө иржээ. Тэр юу ч хэлсэнгүй шууд үүдний өрөөнд орлоо. Манай гэрийнхэн ч тэнд цуглан өвөөгийн ярихыг хүлээн түгшин зогсоцгоов. Ямар нэг муу юм болжээ гэдэг нь илт. Өвөө гудамжны нөгөө үзүүрт амьдардаг бөгөөд энэ нь бүтэн сайны өглөө ийм эрт ирэх газар биш гэсэн үг юм. Бид манайхнаас Хиллсборо руу хэн ч яваагүй гэж бодож байсан. Гэвч өвөөгийн царайнаас ямар нэг муу юм тохиолджээ гэдэг нь харагдаад байлаа.

“Би муу мэдээтэй ирлээ” гэж тэр хэлэв. “Жон-Пол нас баржээ”
Манай гэрийнхэн бүгдээрээ уйлж, халаглан мэгшиж эхэллээ. Бид Жон-Полыг тоглолт үзэхээр явсныг нь мэдээгүй юм. Тэр “Энфильд”-д болдог тоглолтуудыг өнжилгүй үздэг ч “FA Cup”-ын хагас шигшээ өөр хотод болсон билээ. Өвөө болсон явдлыг тайлбарлалаа. Жон-Полын ээж Жеки хүүдээ тасалбар авч өгсөн аж. Тэр хайртай баг нь энэ чухал тоглолтод хэрхэхийг газар дээр нь үзэх хүүд нь ямар том бэлэг болохыг мэдсэн хэрэг. Тоглолт эндээс ердөө 70 миль зайд орших Шеффильдэд болсон. Тиймээс л тэр явахыг хүсчээ. Эцэг, эхийнх нь найз Жон-Полыг авч явсан байна. Тэд бямба гаригийн өглөө баяр хөөр болон Ливерпулиэс хөдөлсөн ч Жон-Пол эргэж ирсэнгүй. Тоглолт үзэхээр яваад эргэж ирээгүй. Энэ үг мөнхөд миний цээжинд хадагдах болно.

Хиллсборогийн явдлын дараа энэ аймшигт хэргийг мартах амаргүй байв. Би хичээлтэй байсан учраас Жон-Полыг оршуулах ёслолд очиж чадсангүй. Гэхдээ энэ бол зүгээр л шалтаг байсан юм. Үнэндээ аав минь ч намайг тэнд очуулахыг хүсэхгүйг би мэдэж байсан. Эцэг, эх минь намайг зүрхшээж, няцахаас сэргийлснийг би сүүлд ойлгосон. Би бага байсан болохоор үеэл маань бидний дэмждэг багийн төлөө амиа өгсөн гэж бодож байв.

Би “Ливерпуль”-ийн Бэлтгэлийн төвд хичээллээд удаагүй байсан бөгөөд Хиллсборогийн явдлын дараа хэсэг хугацаанд бэлтгэл завсарласан. Тэгээд бид бэлтгэлдээ дахин цуглах үед би багш нарын царайг хараад тэрхүү аймшигт явдал клуб, хотынхонд бүгдэд нь хүндээр туссаныг ойлгосон. Хиллсборогийн хэргийн талаар манай гэрийнхэн бүтэн сарын турш ярьж гашуудацгаасан юм. Тэр явдлаас хойш хэдийнэ 17 жил өнгөрсөн ч бид яг л тэр үеийнхээ мэдрэмжээр үүнийг хүлээж авдаг.

Нэгэнтээ “Энфильд”-д өсвөрийн хөлбөмбөгчдийн бэлтгэлийн хөтөлбөрт хамрагдаж байхдаа Жон-Полын эцэг, эхэд тэр явдал надад тэмүүлэл өгдгийг хэлсэн. “Ливерпуль”-ийн төлөө анхны тоглолтоо хийхийн өмнө тэд над дээр ирээд “Жон-Пол чамаар маш их бахархах байсан даа” гэж байв. Тэр тоглолтын туршид Жон-Пол тэр дээрээс намайг хараад бидний мөрөөдөл биелсэнд баярлаж байгаа мэт мэдрэмж төрж байж билээ. Ялалтын баяр хөөрт умбаж байх үедээ би үргэлж Жон-Полын тухай бодож, “Ливерпуль”-ийн хожил түүнд ямар их баяр баясгалан өгдөг байсныг мэдэрдэг. Ингэхдээ Жон-Пол дахиж хэзээ ч дэргэд минь байхгүй гэхээс зүрх минь зүсэгдэх шиг болдог.

“Ливерпуль” клуб Жон-Полын гэр бүлийнхний хувьд шүтээн нь байсан. Тэд Хиллсбород ойр дотныхноо алдагсдын нэгэн адил одоо ч энэ багт хайртай хэвээр байдаг юм. “Ливерпуль”-ийн төлөө гэх сэтгэл үе уламжлан үлдэж, улам бүр өргөжин тэлж байдаг билээ. Би нэг удаа Жеки (Жон-Полын ээж) аавд маань “Ливерпуль” клуб уй гашууг нь нимгэлдэг гэж хэлж байсныг ер мартдаггүй. Хиллсборогийн эмгэнэлт явдал болсон жил бүрийн тэр өдөр клубээс “Энфильд”-д дурсгалын үйл ажиллагаа явуулдаг. Үүнд багийн бүх тоглогч оролцох үүрэгтэй. Энэ нь ч зүй ёсны хэрэг юм. Тоглогчид тэрхүү 96 хөгжөөн дэмжигчид хүндэтгэл үзүүлэх ёстой. 2005 оны яг энэ үед би ханиад хүрээд хүндхэн байсан ч “Энфильд” рүү явсан. Надад Хиллсборогийн эмгэнэлт явдлын дурсгалын үйл ажиллагааг таслах, өнжих эрх байхгүй. Энэ бол миний амьдралын салшгүй хэсэг.

Тоглогчид эхлээд “Мелвүд” дэх бэлтгэлийн бааздаа цуглаад багийн автобусаар “Энфильд” рүү явдаг. Цэнгэлдэх хүрээлэнд очих хүртэл чухам юунд явж байгаагаа ойлгохгүй буй гадаадын тоглогчдод би энэ үйл ажиллагааны тухай тайлбарлаж өгнө. "Бид хаа*a* явж байгаа юм бэ? Юу хийх вэ?" гэхчилэн тэд асууцгаана. Магадгүй тэд Хиллсборогийн хэргийн талаар сонссон байж болох ч бүрэн түүхийг нь мэдэхгүй билээ. Би болсон явдлын талаар ярихад тэд гайхан дуугүй сууцгаадаг.

Мөн Хиллсборогийн хэргийн талаар худал, оргүй мэдээллийг хамгийн их түгээсэн “Sun” сонин яагаад “Мелвүд” бэлтгэлийн бааз, “Энфильд” цэнгэлдэх хүрээлэн, мөн манай гэрт байдаггүйг тайлбарлаж өгнө. “Ливерпуль”-ийн бүх хөгжөөн дэмжигч “Sun” сонинг уншдаггүй. Би “Ливерпуль”-ийн дэмжигч, тиймээс багийн үзэл санааг хүндэтгэнэ, тэгээд ч би Хиллсборогийн хэрэгт гэр бүлийн гишүүнээ алдагсдын нэг билээ. Би тэр сонинг хэзээ ч уншихгүй. Энэ бүхнийг сонссоны дараа легионеруудын царайд хүндэтгэл, бишрэл тод харагддаг. Би тэдний нэг нь ч хүндлэлийнхээ хариуг нэхсэнийг санахгүй байна. Тэд энэ үйл ажиллагааг таслалгүй оролцдог. Энэ нь тэдний багийн өмнө хүлээсэн үүрэг байхын зэрэгцээ шинэ тоглогчдод багтайгаа гүн гүнзгий танилцах боломжийг олгодог юм.

Богино боловч энэ аялал надад ер бусын байдаг. Багийнхантайгаа аялсаар “Энфильд”-д орж ирэн тэнд байгаа гэрийнхнийгээ харангуут Жон-Полын тухай бодол дахин намайг нөмрөн авна. Миний хувьд энэ үйл ажиллагаанд оролцож буй нь багийн тоглогчийн зүгээс биш, хувийн үүрэг минь юм. Би тэнд мөн багийн ахлагчийн хувиар эмгэнэн гашууддаг билээ. Дурсгалын ёслолын өдөр “Ливерпуль” хөгжөөн дэмжигчдэдээ зориулан суудлын хоорондох тусгаарлах хашлагыг буулгадаг. Учир нь тэр бямба гаригийн үдэш Хиллсбород хангалттай зай байгаагүйгээс эмгэнэлт явдал болсныг сануулдаг юм.

Дурсгалын үйл ажиллагаа хэдэн цаг үргэлжилнэ. Бид сүлд дуугаа дуулж, 96-гийн төлөө гашуудацгаадаг. 2006 онд би олны өмнө үг хэлэхдээ маш их сэтгэл хөдөлж билээ. Би нэг удаагийн ёслол дээр “Ливерпуль”-ийн нөөц хаалгач байсан Пол Харрисонтой үг сольсон юм. Полын аав нь Хиллсбород үрэгдэгсдийн нэг байсан. Аймшигтай юм. Би эцэг, эхийнхээ хэн нэг нь байхгүй гэж төсөөлж ч чадахгүй нь.

Эндхийн хүмүүс бие биеэ сайн ойлгож, тусалж дэмжицгээдэг. Ливерпульд та хэзээ ч ганцаараа алхахгүй. Манай багийн дууны үг, гайхамшигт аялгуу нь хүмүүсийг холбон дотносуулах хүчтэй. Бид сайхан цагт хамтдаа баярлаж, хүнд үед зовлонгоо хуваалцаж чаддаг хүмүүс. “Хиллсбород гэр бүлийнхнийгээ алдагсдын нийгэмлэг” нь олныг татах увдистай, мөн ийм хүндлэлийг хүлээх ёстой.

Тэд шударга үнэнийг тогтоож, үүнийг олон нийтэд мэдэгдэхийг хүсдэг. Ливерпульд хэн ч суудаггүй сандал, хүн ордоггүй өрөөтэй айл олон. Тэд шударга үнэнийг нэхэх эрхтэй. Би өөрөө үүний нэг хэсэг нь учир тэдний үйл ажиллагааг бүрэн дэмждэг. Бид Хиллсбород чухам юу болсон, үүнд хэн буруутай вэ гэдгийг мэдэх ёстой. Хэн ч гэм зэмгүй 96 хөгжөөн дэмжигчийн нэр хүндэд халдах эрхгүй юм.

Миний үеэл Хиллсбород цаг бусаар таалал төгссөн. “Энфильд”-д халаалт хийж байхад “96-гийн төлөө шударга ёсыг тогтооё” гэсэн уриа намирахыг хараад түүнийг нь дэмжин толгой дохидог. Засгийн газар *a*рдлагатай бүх судалгаа, мөрдөн байцаах ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Тэгж байж л амь үрэгдсэн 96-гийн гэр бүлийнхэн чухам юу болсон талаар шударга үнэнийг мэдэх боломжтой. Тэгж байж л тэд ойр дотныхныхоо булшин дээр гашуудан зогсохдоо аймшигт явдлын үнэн мөнийг хайж шаналахгүй. Үнэндээ тэр эмгэнэлт явдал болохгүй байж болох л байсан шүү дээ.

Хиллсборогийн эмгэнэлт явдал дахин давтагдах учиргүй. Хөлбөмбөгөөс болж хэн нэгэн дахиж амиа алдах ёсгүй. “Шэнкли Гэйт”-ийн дэргэдэх хүйтэн гантиг чулуун дээрээс Жон-Полын нэрийг унших бүртээ би уй гашууд автаж, бас уур хилэн хүрэх шиг болдог. Урьд нь дуулаагүй нэгэн нь мэдээж аваарай, би Жон-Полын төлөө хөлбөмбөг тоглодог.

Tuesday, May 6, 2008

You'll Never Walk Alone

You'll never walk alone гэж манай сүлд дуу. Үнэхээр гайхалтай дуу шүү. Сонсохоор дотор сонин болоо л явчдий.

Энэ Jordin Sparks Америкийн шүтээнд орж байхдаа дуулсан нь
http://youtube.com/watch?v=_3rjITmEBu8
Jordin Sparks чинь түрүүлчлүү яалаа.

Энэ харин үнэнч фанатууд нь цэнгэлдэхдээ дуулж байгаа нь
http://youtube.com/watch?v=Y7xvegPH_Lw

Татаж аваад сонсохыг хүсвэл
энд дарна уу

Блогтой гэдгээ мартцан явжийнашд хэ хэ. ЧЛ-ын шөвгийн 4т Манай Ливерпуль Челсид хожигдоод хэд хоног гол харлаж явлаа. Үнэн азгүй хожигдсондоо шийдвэрлэх тоглолтод сүүлийн секундэд өөрийн хаалгандаа авто гоол хийнэ гэдэг хмм... Бас Лигтээ 4 т явж байгаа хэдийгээр хамгийн цөөхөн хожигдсон ч хамгийн олон тэнцээ авсан . Ингээд энэ жил манайхан бас нэгэн цомгүй улирлыг өнгөрөөлөө. Гэхдээ яахвээ энэ жил манай бүрэлдэхүүн эрс сайжирсан. Фернандо Торрес гэж гайхалтай довтлогч байна. Ирсэн эхний улиралдаа 31 гоол хийнэ гэдэг бол үнэхээр гайхалтай амжилт. Ингэснээрээ Премьер Лигийн рекорд эвдээд байгаа. Машерано гэж гайхалтай тоглогч байна. Монголчуудын хэлдгээр цэвэрлэгч. Бөмбөгийг тасална гэж алж өгнө дөө ёстой. Миний бодлоор дэлхийн 1№1 цэвэрлэгч. Олон ч хүн санал нийлэх байх. Харин хамгаалалтад хашир туршлагатай Каррагертай хамт Аггер гэж гайхалтай залуу байгаа. Энэ улиралд гэмтээд түүний тоглохыг харж чадсангүй дээ. Гэхдээ түүнийг орлохоор Шкэртэл гэж залууг Оросын Лигээс авсан. Манай тоглолтод маш амархан дасч өндөр түвшний тоглолт үзүүлж байгаа. Челситэй тоглоход Дрогбаг ёстой элэглэсэн дээ уул нь. Даанч 2 дахь тоглолт дээр Дрогба түүний гэмтээж тоглолтоос гаргасан. Энэ нь ч тэднийг хожил авахад том шалтгаан болсон.
Одоо энэ зун зарим нэг сул байрлал дээрээ сайн тоглогчид авчих юм бол ч.
Дараа улирал өмнөх улиралуудаас шал өөр болно. За тэгээд капитан Стивен Жеррард, гайхалтай менежер Рафаел Бенитезтэйгээ бид Аваргуудын Лиг, Английн Лиг аль алиныг нь авна гэдэгт итгэлтэй байна. Яагаад гэвэл дээр дурьдсанаар манай бүрэлдэхүүн үнэхээр гоё болж байгаа..
Go Liverpool...You'll Never Walk Alone

Friday, March 14, 2008

Аваргуудын Лигийн сугалаа явагдлаа.

За манайхан Интертэй Сан Сирод хийсэн хариу тоглолтондоо Фернанда Торресийн хийсэн гоолын ачаар 1-0 ээр хожиж цаашаа өрсөлдөх эрхтэй болсон билээ.
Харин өчигдөр Аваргуудын Лигийн сугалаа явагдлаа.
1. Арсенал vs Ливерпуль
2. Челси vs Фенербахче
3. МанЮ vs Рома
4. Барса vs Шальке
1,2 ын хожсон нь хоорондоо, 3,4 ын хожсон нь хоорондоо тоглоод 5 сарын 21 нд Москвагийн Лужникд болох финалд ямар багууд очих нь тодорхой болох юм. Энэ жил шөвгийн 8д Английн 4 баг үлдсэн байсан юм. Манайхны хувьд нилээн хэцүү учраатай таарсан гэхдээ тэд хэнээс ч айдгүй хэнтэй ч үзэхэд бэлэн байдаг. Арсеналтай 7 хоногийн дотор 3 тоглолт хийх юм байна лээ. Эхний тоглолтууд 4 сарын 1,2нд болно. Урагшаа Улаанууд.

Monday, March 10, 2008

За хөө сүүлийн үед Ливерпуль маань ямархуу тоглож байгаа талаар жоохон мэдээлэл хийе.
Liverpool - Newcastle 3 - 0 08/03/2008 PREMIER LEAGUE
Liverpool - West Ham 4 - 0 05/03/2008 PREMIER LEAGUE
Bolton - Liverpool 1 - 3 02/03/2008 PREMIER LEAGUE
Liverpool - Middlesbrough 3 - 2 23/02/2008 PREMIER LEAGUE
Liverpool - Inter Milan 2 - 0 19/02/2008 CHAMPIONS LEAGUE
Liverpool - Barnsley 1 - 2 16/02/2008 FA CUP

Дээхнэ FA CUP-д Барнсли гээд 2 лигийн сулхан багт хусуулж хэсэг сенсаац тарьсан билээ. Харин дараа нь тэр багт Челси бас хусуулсан хэ хэ. Харин үүнээс хойш манайхны барцад нь арилсан бололтой дандаа хожсон шүү. Доод тал нь 3 гоол хийж. Ялангуяа Торрес хүү 2 ч тоглолт дараалан Хет-трик хийлээ. Ер нь Жеррард Торрес 2 ойлголцоно ч гэж янзтай байна. Өнөө орой Интертэй Сан-Сирод Аваргуудын Лигийн хариу тоглолтоо хийнэ. Ахиал нухчаасай.