Friday, November 21, 2008

Нэгдүгээр бүлэг - Улааны төлөө заяагдсан


Нэгдүгээр бүлэг

Улааны төлөө заяагдсан
Миний судсыг нээж харвал яг л "Ливерпуль"-ийнх шиг улаан цус оргилох болно. Би энэ багт зүрхний угаас хайртай учраас тэр. "Энфиль"д тоглох хүсэл, мөрөөдөл минь Жонполыг өнгөрөхөд улам бүр хүчтэй болж билээ. Дунд сургуульд байхдаа хүнд гэмтэл авч шаналж хэвтэхдээ энэ хүсэл маань туйлдаа хүрсэн юм. Миний хөлбөмбөгчний замнал бүр эхлээгүй байхдаа сүйрчихэж болох байлаа. "Ливерпуль" болон Английн шигшээд тоглон Европын цомыг толгой дээрээ өргөж, ДАШТ-д од болон гялалзах зэрэг бүх мөрөөдөл минь биелэх боломж үлдэх эсэхийг есхөн настайдаа мэс засалчийн ур чадварт найдаж байж билээ.

"Энфильд" бол миний анхны хайр, хоёр дахь гэр минь юм. Ирээдүй минь эмнэлэгт өнгөрөх вий гэсэн айдаст автсан тэр үед би "Вернон Сангстер" спорт сургалтын төвд Майкл Оуэнтэй хамт хичээллэдэг байлаа. Одоо ч Мерсисайдын Хюйтон дүүрэг дэх гэрийнхээ ойролцоо тэр хэсэг зүлгэн дээр болсон явдлыг эргэж санахаар бие минь зарсхийх шиг болдог. Тэр бол бутаар хүрээлэгдсэн хог хөглөрсөн жижиг талбай байлаа. Тэр газар луу хүмүүс хогоо зүгээр л хаячихдаг байсан. Гэхдээ үүнийг бид хайхарсангүй. Энэ талбай бол найзуудтайгаа хөлбөмбөг тоглоход яг тохирсон газар. Бид өвөл зунгүй, өдөр шөнийг ялгалгүй энд л өнждөг байсан. Тэр хог новшинд дарагдсан жижиг талбай биднийг тоглоход "Энфильд", Тудисон Парк", "Уэмбли" хэмээн нэрлэгдэж, энэ дэлхий дээрх хамгийн эрхэм газар маань болдог байлаа. Нэгэн хагас сайны өглөө манай ойролцоо байдаг Марк Ханнан гэдэг хүү бөмбөг өшиглөе гэж дуудав. Бид төдөлгүй талбай дээрээ очлоо. Энэ "Бернабеу" биш ч бидний гэр. Найз маань ням гаригийн лигт тоглодог багаасаа хэсэг тор авснаа хүзүүндээ тохжээ. Бид түүнийг нь хоёр хувааж хаалга хийгээд талдаа долоон гоолоор тоглохоор болов. Гайхалтай.

Тэгээд Марк бид хоёр орчин тойрноо анхаарах сөхөөгүй тоглолоо. Гэтэл бөмбөг маань хэсэг халгайн дунд өнхрөөд орчихов. Тэвдэх юм алга, гараараа татаад л гаргачихна. "Миний гар хүрэхгүй байна аа. Би халгайнд түлэгдчих гээд байна" гэж Маркад хэлэв. Бөмбөг огт харагдахгүй байлаа. Халгай дэндүү шигүү ургажээ. Би "өшиглөөд гаргачихья" гээд оймсоо дээш нь татаад халгайн дунд яваад орлоо. Олддоггүй ээ. Хөлд маань нэг юм тэмтрэгдэв. Түүнийг маш хүчтэй өшиглөлөө. Баруун хөл бол миний цохилт хийж, дамжуу лалт өгдөг гол зэвсэг билээ.

Аймшигтай юм, аймаар өвдөлт мэдрэгдэв. Би ямар нэг юм өшиглөчих шиг боллоо. Бурхан минь, ямар аймшигтай өвдөлт вэ? Шууд л зүрх минь зогсох гэж байгаа мэт болов. Би газар унан тусламж гуйн хашгирлаа. Би өдгөөг хүртэл хүнд, хөнгөн гэмтэл олон удаа авч байсан ч яг үүн шиг ийм аймшигтай өвдөлтийг дахиж мэдрээгүй. Зүүгээр ясыг маань хатгаж байгаа мэт байв. Марк гүйн ирлээ. Би "Марк, би яачихав аа? Би хөлөө халгайн дундаас гаргаж чадахгүй нь" гэж хэллээ. Марк анхааралтай ажиглаж байв. Бурхан минь, түүний бүх цус юүлэгдсэн мэт царай нь хувхай цайлаа. Би "Тэр бөөлжих гэж байгаа юм биш биз дээ" гэж бодов. "Яачихсан байна?" гэж асуугаад хөл рүүгээ харахдаа нүдэндээ ч итгэсэнгүй. Өвсний тармуур миний эрхий хуруунд зоогдчихож. Хэн нэг нь хэрэглэхээ больсон тармуураа халгайн дунд шидчихжээ. Ишгүй, зэвэрсэн төмөр шүдтэй тэр тармуурыг би яг оноод өшиглөчихсөн байв. Сэрээний шүд ясанд минь тулахыг мэдэрч байлаа.
"Явж хэн нэгнийг дуудаач" гэж намайг хашгирахад Марк манайхыг зүглэн гүйв. Хөрш айлын Нейл Уэстон миний хашгирахыг сонсоод гүйн ирлээ. Тэр намайг халгайн дундаас татан гаргав. Хөл рүүгээ хартал тармуур яг л миний нэг хуруу шиг ёрдойж байлаа. Хөрш маань "Би үүнийг сугалчих уу?" гэж асуув. Би "Та чадахгүй ээ, хэрэггүй" гэж хашгирлаа. Тэр "Юу ч гэсэн би оролдоод үзье" гээд өмнө минь суув. Сэрээ сугарах янзгүй байлаа. Тэр "Би түргэн тусламж дуудъя" гээд гүйн одов.

Би зүлгэн дээр хэвтсээр. Нулимс хацрыг минь даган урсаж, айдас бодол санааг минь эзэлжээ. Би дахиж хөлбөмбөг тоглож чадах болов уу? Чөтгөр ав гэж.

Ээж, аав хоёр гүйн ирлээ. Аав харангуутаа л байдал хүнд буйг ойлгов бололтой. "Хүү маань хөлгүй ч, болж мэднэ" гэж түүнийг ээжид шивнэн хэлэхийг сонсов. Хөлөө тайруулах гэж үү? Бурхан минь, үгүй ээ. Би "Ливерпуль"д тоглох хүсэл, мөрөөдлөө энэ хэсэг халгайн дунд булшилж орхилоо гэж үү?
Ашгүй Элдер Хейгийн түргэн тусламжийн машин ирлээ. Энэ бүх зүйл арван минутад л болсон ч надад арван цаг үргэлжилсэн мэт санагдаж билээ. Эмч нар эхний үзлэгээ хийгээд тармуурыг энд сугалж авч болохгүй гэсэн дүгнэлтэд хүрэв. Тэдний нэг нь "Бид эмнэлэгт очиж байж сэрээг авахгүй бол болохгүй. Бохир орж мэднэ" гэж хэллээ. Дөрвөн хүн намайг өргөн машинд оруулахад түргэн тусламжийн машин Элдер Хейгийн зүг гэрлээ асааж, дохиогоо хангинуулан уралдаж буй мэт давхилаа. Эмнэлэгт очих хүртэл үнэхээр аймшигтай байлаа. Би Ливерпулийн зам ийм их донсолгоотой гэдгийг ер мэдээгүй юм байна. Зогсолтгүй сэгсчүүлэн давхиж буйд нь уурлан би жолооч руу хашгирч байв. Намайг хөдлөх тоолонд сэрээ ясанд минь улам гүн орж байгаа мэт санагдан, асар хүнд чулуугаар хурууг маань тахийлгаж буй юм шиг байлаа. Хөдлөх тусам нулимс асгарсаар. Би чичирч байв.

Эмч нарын нэг нь хуруунд зоогдсон сэрээг савлуулахгүйг хичээнэ. Өвдөлт улам бүр хүчтэй болсоор. Би жолооч руу хашгирсан хэвээр. Ээж, аав маань "Энэ түүний буруу биш шүү дээ" хэмээн намайг тайвшруулахыг хичээнэ. Би зүгээр л өвдөлтөө намдаахыг хүссэн юм. "Зогсооч, зогсооч, гуйя". Гудамжууд жирэлзэн өнгөрнө. Эмч нар надад хиймэл амьсгаа хийж явлаа. Элдер Хей эмнэлэгт хүрээд намайг шууд эрчимт эмчилгээний тасагт аваачив. Хэн ч байсан хараад л ямар хүнд болсныг ойлгохоор байлаа. Чимээ шуугианыг нь сонссон ч тэр. Ээж цурхиран уйлж, би эмнэлгийг нураах шахан хашгирч байв.

Өвчин намдаах тариа хийсний дараа л би ёолохоо болив. Тариа бүрэн үйлчлээгүй ч бие тайвширч байлаа. "Энэ тармуур дэндүү бохир юм. Тиймээс цусанд нь бохир орж мэднэ. Бид үхжилийг тархахаас өмнө хурууг нь тайрахыг хичээе" гэж хэлэх нь бүүр түүрхэн сонсогдов. Аав эмчийн яриаг таслан "Стивен хөлбөмбөг тоглодог. Та ямар нэгэн мэс ажилбар хийх гэж байгаа бол эхлээд "Ливерпуль"ийн хэн нэгэнтэй ярилцах хэрэгтэй. Тэд хэрхэхийг шийдэх болно" гэж хэлэв. Аав "Ливерпуль"ийн Академийн захирал Стив Хейвэйгэй холбогдон хэлэхэд тэр маш хурдан иржээ. Стив тун шийдэмгий ярилцаж, хяналтыг гартаа оруулав. Тэр "Та нар түүний хурууг тайрч хэрхэвч болохгүй" гэж эмч нарт хэллээ. Эмч "Бид мэс засал хийх болно. Шийдвэрийг мэс засалч гаргадаг юм" гэж хариулав. Стив зөрүүдэлсээр. "Үгүй ээ. Яасан ч тайрч, тасдах юм хийж болохгүй".

Энэ маргаанд Стив яллаа. Бурхан минь, түүнд маш их баярлалаа. Эмч хөлийг мэдээ алдуулж тармуурыг хуруунаас минь салгав. 20 фунтын зоос орчихмоор том нүх гарчээ. Энэ маш хүнд гэмтэл байсан ч мэс засалчид эрхий хурууг минь, хөлбөмбөгийн ирээдүйг маань хамгаалж чадлаа. Стив "Залуу минь, азтай, дэндүү азтай юм аа" хэмээв. Эмч нар ч түүнтэй санал нэг байлаа. Гэд "Бид урьд нь чамд тохиолдсон шиг ийм зүйлийг харж байсангүй" гэж хэллээ. Дандаа л миний уурыг хүргэж, надтай зөрчилдөж явдаг ах Пол маань их санаа зовсон байдалтай харагдав.

Энэ явдлаас болж би гурван долоо хоног сургуульдаа явсангүй. Эмч нар хэсэг хугацаанд тайван амрахыг зөвлөсөн юм. Багш нар надад гэрийн даалгавар явуулсан ч би огт хийгээгүй. Би гэмтлээ эдгээх гээд тун завгүй байлаа. Гэрийнхэн маань намайг их бөөцийлнө. Би буйдан дээр хэвтээд хөлийн боолтыг солихыг хүлээн "Ливерпуль"ийн тоглолтуудыг үзэн хэвтдэг байлаа. Гайхамшигтай. Жон Барнес, Кенни Далглиш, Иан Раш гээд миний шүтээн болсон тоглогчид ур чадвараараа гайхуулах нь дэлгэцнээ харагдана. Энэ нь миний хурдан эдгэх хүслийг дэврээх нэг арга байжээ. Өдөр бүр асрагч ирж шарханд бохир орохоос сэргийлэн цэвэрлэгээ хийж, спирттэй хөвөнгөөр оёдлын эргэн тойронд нямбайлан арчина. Тэгээд тэр өвдөг хүртэл боолт хийдэг байв. Шарх аниад эдгэхэд хөвөнгүй боолт хийдэг болов. Удалгүй би суга таягтай хичээлдээ явдаг болсон. Гэхдээ л ногоон талбайд гарахад эрт хэвээр байлаа. "Вернон Сангстер" лүү явж, багтайгаа бэлтгэл хийж чадахгүй байв.

Энэхүү осол, эмчилгээ хийлгэж байсан өдрүүд хөлбөмбөг миний амьдралд ямар чухал зүйл вэ гэдгийг ойлгуулсан юм. Би энэ үеэс хойш телевизээр хөлбөмбөг үзэхдээ арай өөр нүдээр, илүү хянуур хардаг болсон. Би буйдан дээр суугаад толгойгоороо, мөн зүүн хөлөөрөө бөмбөгжонглёрддог байв. Бөмбөгөө гайгүй эзэмшдэг болж, тоглох итгэл минь ч лавширсан. Ирээдүй минь бөмбөггүйгээр төсөөлөгдөхөө больсон байлаа. Гэмтлээ эдгээж таван долоо хоног болсны эцэст чөлөөтэй өшиглөж чадахаар болсон. Бурхандаа маш их баярлалаа. Хөлбөмбөггүйгээр миний амьдрал хоосон, утга учиргүй ажээ. Бөмбөггүй байна гэдэг ганцаардал юм гэдгийг би хэзээ ч мартахгүй.
Элдер Хейгийн эмч нар сургуулиас чөлөөлөх зөвшөөрөл олгосны зэрэгцээ бас нэгэн зөвлөгөө өгсөн юм. Намайг зэвтэй тармуураас салгаж өгсөн мэс засалч "Энэ арын цэцэрлэгт хаяж болохгүй л зүйл байна даа" хэмээсэн.

Тэгээд ээж, аав хоёр тэр тармуурыг дасгалжуулагчид харуулаад улмаар өмгөөлөгчид үзүүлэн, эцэст нь зарга үүсгэхээр шийдсэн юм. Тэр хогтой талбай дүүргийн зөвлөлд хамаарах учир бид тэдэнд хандан нэхэмжлэх хүргүүлэв. Танд ийм зүйл тохиолдсон бол бас ингэх л байсан байх. Би амьдралдаа хоёр л удаа нөхөн төлбөр авч байсан. Такситай явж байгаад осолд ороод 800 фунтын нөхөн төлбөр хийлгэсэн бол хөлөө тар муурт гэмтээсний төлөөсөнд 1200 фунт авсан. Энэ муу зүйл биш. Нөхөн төлбөр авсны дараа ээж намайг дэлгүүр лүү дагуулж яваад тоглолтын болон бэлтгэлийн шинэ хувцас, цүнх авч өгөв. Ээж "Энэ бүхэн чиний өвдөж, шаналж байсантай харьцуулахад шалихгүй зүйл. Гэхдээ энэ бүх мөнгийг чамд л зарцуулах ёстой" гэж билээ.

Тэрхүү явдлын тухай эргээд бодох бүрт цахилгаанаар цохиулж буй мэт яг тэр үеийн өвдөлтөө дахин мэдрэх шиг болдог. Би зоогдсон сэрээг эргэн төсөөлөх бүрт ясанд минь тулан чахран дуугарч байгаа юм шиг санагдан эвгүйцдэг. Болсон явдлын талаар аавтайгаа ганц, хоёр удаа ярьж үзсэн. Тэр Стив Хейвэй шиг тийм зоримог, шийдэмгий байгаагүй. Аав маань хэзээ ч "Би хурууг чинь тайрахгүй гэдэгт итгэлтэй байсан" гэж сагсуурч байгаагүй. Харин зүгээр л "Стивен, миний хүү хувьтай хүн шүү" гэж хэлж байсан. Бид бүгдээрээ хэрэв тэр хогтой талбайд хэвтэж байсан тармуур хурууг минь нэвт хатгаад эмч нар баруун хөлийн эрхий хурууг тайрсан бол надад Английн шигшээ болон "Ливерпуль"д тоглох ямар ч боломж үлдэхгүй байсныг сайн ойлгодог.

No comments: