Tuesday, November 25, 2008

Стивен Жеррард /цуврал хэсэг 6/

Стивен Жеррард

Айронсайдын 10 дугаар байшингийн эзэн нь мэдээж аав. Энэ гэрт аавын үг хууль ч тэр хэзээ ч дарангуйлагч байгаагүй. Пол, бид хоёр хэзээ ч эцэг, эхээсээ айн зүрхшээж байгаагүй юм. Заримдаа бид тэдэнд илүү их эрхлэхийг хүсч нялхардагсан. Пол, бид хоёр эцэг, эхээ маш их хүндэтгэн дээдэлдэг. Манайх гэдэг маш дотно, нягт гэр бүл. Өглөөний цайгаа хамт ууж, орой бүр хамт суун зурагт үзэх юм уу, чалчицгаана. Ах, бид хоёр эцэг, эхээсээ илүү их хайр, энэрлийг нэхэх эрхгүй билээ. Ээж маань тун зарчимч эмэгтэй. Хэзээ ч Айронсайдын 10 дугаар байшинд өлсгөлөн нүүрлэдэггүй байсан. Жеррардынхан үргэлж ширээ дүүрэн суудаг байв. Хааяа ах бид хоёр ээжээс мөнгө гуйхад татгалздаг. "Аяга дүүрэн, гэдэс цатгалан байхын тулд л ингэж байгаа хэрэг шүү. Эн тэргүүнд тавигдах ёстой асуудал энэ биз дээ" гэж тэр хэлдэг байв. Бид ширээ тойрч суугаад бие биедээ жигнэмэг, ундыг нь дөхүүлэн цайлдагсан. Ээж "Та нар өмнөө байгаа зүйлээ идэж дуусахаас нааш хаа*a* ч явахгүй шүү" гэж анхааруулна.

Тэр үед мөнгөний үнэ цэнэ их байсан. Баярын өдрүүд дэндүү хол зайтай мэт санагдан, хурдхан баяр болоосой гэж мөрөөддөг байв. Бид жил бүр баяраар Скегнесс¹ дэх Батлин² руу юм уу, Девоны³ соёл, амралтын хүрээлэнд очно. Тэнд манай авга, нагац нар хүүхдүүдээ дагуулан очиж, асрагч эх, өвөө хоёр ч хааяа хамт явдаг. Бүх л гэр бүлээрээ баяр тэмдэглэдэг байв. Үнэхээр гайхалтай аялал. Энэхүү аяллын тухай бодол олон сарын турш толгойд минь хадаастай байдаг байв. Ээж энэ амралтыг эртнээс төлөвлөн, өвлийн турш мөнгөө хуримтлуулдаг байсан. Ээж энэ аялал гэр бүлд маань, ялангуяа Пол, бид хоёрт ямар чухал, хүсэн хүлээдэг зүйл нь вэ гэдгийг мэддэг. Хааяа ах, бид хоёрын аз таарвал найзуудаа-саа дагуулж явна. Би Полд тэр азтай зочныг сонгоход нь тусалдаг байв. Надад бол өөрөөсөө ах хүүхдүүдтэй хөл бөмбөг тоглож хөгжил-дөх нь л чухал. Скегнесст үнэхээр гайхалтай амралт болдог байсан.

Нэгэн удаа аав Линкольнширийн эрэг рүү явж байх замдаа надаас "Хүү минь, чи хөл бөмбөгийн сургуульд ормоор байна уу?" гэж асуулаа. Ямар хүсэл зорилготой буйг минь магадлаж байгаа нь тэр. Батлинд очоод эрэг дээр шаварт хутгалдан гүйж, бөмбөгөөр харилцаж тоглон, усан гулгуураар нисэх мэт хурдтай уруудаж байхад "Хэзээ би хөл бөмбөгийн сургуульд орж болох бол?" гэсэн бодол л толгойд эргэлдэж байв. Картингийн машин жолоодоод Полыг нэхэж байхад хүртэл хөл бөмбөгийн сургуулийн тухай бодсоор байсан. Тэгээд аав дээр очоод "Одоо явж болох болов уу?" гэж асуув. "Хүү минь, чи л шийднэ шүү дээ. Явж бололгүй яах вэ" гэлээ. Скегнесс дэх амралт үнэхээр зугаатай байлаа. Үдэш болоход бид нэгэн клубт очиж хамтлаг, дуучдын тоглолтыг сонирхоод караокед орж дуулцгаав. Маргааш өглөө нь би эрт сэрээд "Би хэзээнээс хөл бөмбөгийн сургуульд явж эхлэх вэ?" гэж аав, ээжээсээ асуув. Одоо бол Скегнесст нөгөө ертөнцөд буй мэт мэдрэмж төрөх болжээ. Аав, Пол, бид гурав үргэлж л хөл бөмбөгийн тухай ярилцана.

Аав "Ливерпуль"-ийн тухай маш сайн мэддэг, энэ багийн үнэнч хөгжөөн дэмжигч. Тэр надад "Ливерпуль"-ийн тоглолтын бичлэг авч өгөн, бид хамт үздэг байв. Нижигнэсэн алга ташилтын дор цэнгэлдэхэд орж ирэх Грэм Соунесс4 эсрэг багийнхнаа тоомжиргүйхэн харах Алан Хансен5, довтолгооны шугамд гялалзах Кенни Далглиш6 бичлэгт гарна. Нэг өдөр аав Далглишийн маш том зурагт хуу-дас авчирлаа. Шатаар өгсөн миний өрөөнд орж ирээд "Кенни Далглиш бол "Ливерпуль"-ийн бүх цаг үеийн хамгийн аугаа тоглогч" гээд надад тэр зургийг өгөв. "Тэр бол жинхэнэ эр хүн шүү. Алив, зургийг нь хананд чинь наагаад өгье" хэмээн нэмж хэллээ. Далглишийн зураг миний өрөөнд хэдэн жилийн турш өлгөөтэй байж билээ. Яг л бурхан шүтээн шиг байдагсан. Зургаа, долоотой байхдаа "Хаан" Кенниг "Энфильд"-д амьдаар нь харах боломж олдож байв. Одоо бол түүний тоглолтын хувцас миний шагналын өрөөнд хүндтэй байр эзлэн байдаг. Би "Энфильд"-д Кенни болон Иан Раш, Жон Барнес, Стив Макмахон нарт илбэдүүлсэн юм шиг л тоглолтод бүрэн уусан шингэдэг байв. Тэд бол үнэхээр агуу тоглогчид. Сэтгэлд хамгийн тодоор үлдсэн дурсамжаасаа хуваалцъя. 1989 онд "Арсенал"-ын Майкл Томас сүүлчийн минутад манай хаалганд гоол хийн, "Ливерпуль"-ийн хөгжөөн дэмжигчдийн зүрхэнд хутга *a*х мэт болсон тэр мөчид би "Энфильд"-д байсан. Тэр гоолоос болж бид лигийн түрүүг авч чадаагүй юм. Харин дараа жил нь Хансен аваргын цомыг өргөөд зогсож байхад нь би мөн л тэнд үзсэн. "Энфильд"-д аваргын цомыг буцаан авчирсан Хансеныг маш их бишрэн шүтэж байсан юм. Тэр бол үнэхээр гайхалтай мөч.

Би дөнгөж наймтай байхдаа л "Ливерпуль"-д бэлтгэл хийж эхэлсэн. Ингэснээр би жинхэнэ "Копите"7 болсон юм. Үүнээс өмнө бол би хэнийг дэмжихээ мэддэггүй байлаа. Нэг долоо хоногт нь "Гудисон Парк"-т очиж, дараагийнхад "Ливерпуль"-ийн хөгжөөн дэмжигчидтэй мөр зэрэгцэн зогсдог байв. Энэ үед би зөвхөн хөл бөмбөг үзэхийн төлөө л явдаг байсан. Бусад хүмүүсийн хувьд бол тийм биш. Аав л гэхэд "Улаанууд"-ын төлөө үхэхээс буцахгүй нэгэн. Тэр яг шашны дуу дуулж байгаа юм шиг "Ливерпуль, Ливерпуль, Ливерпуль" хэмээн уянгалуулж, бөмбөрддөг байв. Мерсисайдын маш олон гэр бүл дотроо өөр өөр багийг дэмждэг гишүүдтэй. Жишээ нь, ээжийн ах Лесли "Эвертон"-ы дэмжигч. Тэр тус багийн тоглолтын тасалбарыг улирлаар нь худалдан авч, хувцас, ороолт, туг гээд иж бүрэн хэрэглэлээр гангарна. Лесли намайг "Цэнхэрүүд" ийг дэм жигч болгохын тулд тоглолтоос буцаж ирэх бүртээ надад "Эвертон"-ы хувцас авчирдаг байж билээ.

Интернэтээр миний балчир үеийн зургийг хайвал "Эвертон" ы хувцсаар гангарсан фото олдоно. Цэнхэр цамц, богино өмд, оймстой. Намайг "Ливерпуль"-тэй гэрээ байгуулах үед "Эвертон"-ы дэмжигчид тэр зургийг минь хаанаас ч юм олж аваад хэвлэн тарааж байлаа. Энэхүү үйлдэлд нь би талархаж явдаг юм. Намайг "Ливерпуль" д алдаршиж эхлэхэд "Миррор" сонин тэр зургийг нүүрэндээ гаргаж байв. Үүнээс болж чамгүй том асуудал үүссэн билээ. Энэ зураг жинхэнэ үү, үгүй юу гээд л. Олон хүн үүнийг эвлүүлэг гэж бодсон байх. Гэхдээ энэ жинхэнэ зураг байсан. Энэ бол 1987 онд авахуулсан зураг юм. "Эвертон"-ы дэмжигч мэт гарсан уг зураг дээр би энэ багийг шүтэж биширсэндээ тэр хувцсыг өмсөөгүй. Лесли намайг зургаатай байхад тэр хувцсыг авч өгсөн бөгөөд хааяа намайг "Гудисон Парк" руу дагуулж явдаг байсан. Би нэг удаа сугалаанд хожиж, лигийн аваргын болон "Chanty Shield''-ийн цомны дэргэд зургаа авахуулах боломж олдсон. Үүнд Лесли нагац маш их баярлаж байв. Тэр үүгээрээ ааваас минь давж гаран, намайг урвуулна гэж бодсон байх. "Гудисон Парк"-ын шагналын өрөөнд "Эвертон"-ы хувцас өмсөөд баяр хөөртэй зогсох хүүгийнхээ зургийг хараад аав маш их уурласан. Аав Лесли нагацад хандан "Дахиж хүүгээ чамтай явуулахгүй" гэж хэлэв.
Image
Тэгээд над руу харан "Чи дахиж тийшээ явахгүй шүү" гэж зандарлаа. Гэхдээ бүх зүйл болоод өнгөрсөн шүү дээ. Би тэр үед дөнгөж долоотой байсан бөгөөд хөл бөмбөгт л ухаангүй дуртай байснаас "Эвергон", "Ливерпуль"-ийн хооронд тийм өрсөлдөөн өрнөдгийг мэдээгүй юм. Тухайн үедээ ямар алдаа гаргаснаа би ойлгоогүй. Лесли Айронсайдад ирэхдээ "Эвертон"-ы шинэ хувцас заавал авчирна. Үүнд нь сэтгэл хөдөлж, баярлан аавыг эзгүйчлэн Леслиг дагаж яваад дараа нь дандаа загнуулдаг байв. Аав миний энэ үйлдэлд үнэхээр дургүй. Лесли намайг "Гудисон Парк"-ын шагналын өрөө рүү дагуулан очиж, зурагчин хөтөлж авчраад тэр зургийг авахуулсан юм. Бүх л зүрх сэтгэл минь "Ливерпуль"-ийн төлөө чиглэх болсон энэ цаг үед тэрхүү мөчийг эргэн дурсахад би ямар дэмий зүйл хийснээ ойлгодог. Энэ бол гэнэн багын хэрэг. Бид бүгдээрээ л алдаа хийдэг шүү дээ.

Одоо "Эвертон", "Ливерпуль"-ийн аль нь ч бай, өөр багийнх ч байсан хамаагүй, хөл бөмбөгийн хув-цас л олдвол тэр миний баяр баясгалан. Тоглолтын хувцас цуглуулах нь миний хобби болсон. Зул сарын баяр, төрсөн өдрөөрөө би олон хувцастай болдог. Хэрэв өөрт минь байхгүй хувцас бэлгэнд ирвэл маш их баярлан хөөрнө. Аав, ээж маань надад ямар клубийн хувцас байгаа, ямар байхгүйг сайн мэддэг. Миний цуглуулга мэдээж "Ливерпуль", "Эвертон"-ыхоор эхэлсэн. Дараа нь "Тоттенхэм", "Манчестер Сити"-гийн хувцастай болж байлаа.
Онцлох тэмдэг бүхий номын хуудас бүрийг нь нямбайлан үзнэ. Хуудас бүрийг нь шалгаад бүх хувцсыг өмсөж үздэг байв. Тэгээд "Ээж ээ, би "Тоттенхэм"-ийн шинэ хувцсыг авмаар байна" гээд гуйна. Спорт барааны дэлгүүрийн каталог ном миний хүслээ гүйцэлдүүлэх ганц арга байгаагүй. "Match of the Day"-r үзээд нүдэнд туссан хувцсанд мөн санаархана. Цуглуулгаа арвижуулах гэсэн бодол толгойноос салахгүй. Хэрэв бүтэн сайны орой "Тоттенхэм"-"Эвертон"-ы тоглолт зурагтаар гарвал дууссаных нь дараа аль нь ч хожсон байсан хүүхдүүдэд би энэ тоглолтыг үзсэн шүү гэдгээ мэдрүүлэ-хийн тулд "Спэрс"-ийн хувцасыг өмсөөд гудамжинд гардаг байв. Зурагтаар үзсэн оддын нэр миний нуруун дээр байхад би маш дуртай.

Би "Эвертон"-ы хаалгач Невилл Саутхолын хувцсанд хамгийн дуртай. Би Саутхолын үйлдэл бүрийг дууриана. Оймсоо доош нь шуугаад шилбэний хамгаалалтаа ил гаргачихна. "Том" Нев маш гоё пүүз өмсөх ба би ээж, ааваасаа яг тиймийг авч өгөхийг шалдаг байв. Би Саутхолын үнэнч дэмжигч нь байсан. Хааяа гудамжинд тоглохдоо түүний хаалгачийн хувцсыг өмсөөд яг л Невилл Саутхол болсон мэт санагдан, зоригтой, гайхамшигт хаалтуудыг нь хийхийг хичээн зүлгэн дээр унадаг байв. Миний хөлбөмбөгт дурлаж, энэ замаар замнасанд түүний нөлөө багагүй бий. "Панини"8-гийн наалтан дундаас Невилл Саутхолын зургийг олчихоод яг л цом өргөж яваа мэт толгой дээрээ барин Айронсайдаар алхаж байснаа би мартдаггүй.
Хөл бөмбөгчдийн зургийн наалт, хувцас, тоглолт үзэхээр явах, энэ бүхэн миний хөл бөмбөгийн амьдралын салшгүй хэсэг. Гэх-дээ би "Ливерпуль"-д л хамгаас илүү хайртай.

Үргэлжлэл нь дараагийн дугаарт

1-Линкольншир гунлигийн зүүн зэхад, далайн эрэгдээр байдаг хот
2-Сэр хэргэмт Билли Батлиний байгуулсан гэр бүлийн амралтын газрын сүлжээний нэр
3-Английн баруун өмнөд хэсэгт орших хот
4-1991-1994 онд "Ливерпуль"-ийг дасгалжуулж байв. Урьд нь 1978-84ондэнэ багт тоглож байжээ
5-1977-1991 онд 'Ливерпуль''д тоглосон
6-1977-1990 онд "Ливерпуль "-д тоглосон
7-"Ливерпуль"-ийн хөгжөөн дэмжигчдийг ингэж нэрлэдэг
8-"Панини Комикс" хэмээх ном, наалт үйлдвэрлэгч том компанийн нэр

1 comment:

TaTaHHuCH said...

sonirholoo gej, moroodol ni buteed Liverpoold toglotson yvjiidag ,, yaayaa.. goy shuu