Friday, November 21, 2008

Жеррард "Миний намтар" 4-р хэсэг

Жеррард "Миний намтар" 4-р хэсэг

Photobucket
Аав, ээжийн найзууд нь аавыг сайн тоглогч байсныг ярьдаг. "Үнэхээр тийм гэж үү?" хэмээн намайг асуухад аав "Чиний энэ авьяас хэнээс өвлөгдсөн болохыг одоо ойлгов уу. Стивен" гээд инээж байлаа. Тэр "Астротурф" гэдэг багт тоглож байгаад өвдөгтөө гэмтэл авснаар хөлбөмбөгийг орхисон юм билээ. Давын ах Тони бас авьяаслаг хөлбөмбөгчин. Тэр "Хюйтон Бойз" гэдэг багт тоглодог байсан аж. Ахлах сургуульд байхдаа л мэргэжлийн хөлбөмбөгч болох чадвартай байсан гэдэг. Манай гэр бүлд хөлбөмбөг маш том байр суурь эзэлдэг. Миний үеэлүүдийн олонх нь Айронсайдад хөлбөмбөг тоглож өссөн, Тэдний нэг Энтони Жеррард "Эвертон”-д тоглож байгаад "Гудисон Парк"-ын баг түүнийг "Уолсол”-д зарсан. Бүтэн сайны лиг болоход тэнд энэ мэтчилэн манай үеэл хамаатнуудаар дүүрдэг байв.

Амралтын өдрүүдэд "Энфильд" болон "Гудисон Парк" их хөлийн газар болдог. Энэ өдрүүдэд манай хамаатнууд болон надтай холбоотой хэний ч гэрээр орсон хөлбөмбөгөөр амьсгалж байх болно. Цэнгэлдэх рүү яваагүй нь зурагтынхаа өмнөөс салахгүй. Буйдан дээрээ тухлаад ганц, хоёр лонх шар айраг шимэн тоглолт үзэх үнэхээр сайхан. Бямба гаригт аав уушийн газарт очих нь олон ч "ВВС"-гийн "Маtch of the Day" нэвтрүүлгээс өмнө заавал эргэж ирдэг. Ах бид хоёр ч гэсэн тоглоомоо орхин гэртээ гүйж ирээд аавтайгаа буйдандээр чихэлдэн сууж уг нэвтрүүлгийг хамт үздэг байлаа. Жеррардууд хэзээ ч "Маtch oh the Day"-г алгасаж байсангүй Огт үгүй. Энэ бол долоо хоногийн оргил мөч юм.

Айронсайдын 10 дугаар байшинд хөлбөмбөгийн дүрэм үйлчилдэг. Хөлбөмбөг гарч байхад "Coronation Street"*, "ЕаstЕnders"**-ийн орон зай байхгүй. Хэрэв ээж маань савангийн дуурь үзэхийг хүсвэл аав тэр хоёрын дунд чамгүй хурц зөрчил үүсдэг байв. Хааяа аав ах бид хоёрыг дагуулан том дэлгэцээр хөлбөмбөг үзэх юм уу дартс тоглохоор явдаг. Харамсалтай нь энэ маш хурдан болоод өнгөрдөг байв. Оройны 6.00 цаг гэхэд бидний бүх хөгжөөн наргиан өндөрлөж бид гэрийн зүг гэлдэрдэг. Маргааш өглөө нь сургууль яг л нартай өдөр гэнэт бараан үүл нөмөрч байгаа мэт санагдан, сүүмэлзэн харагддаг байлаа.

Би ням гаригийн оройд үнэхээр дургүй. Амралтын өдрүүдийн тэр сайхан мөчүүд гайхалтай дурсамжаа таягдан хаяж сургуульдаа явах бэлтгэлээ хангах нь миний хувьд асар хүнд эрүүдэн шүүлт байсан. Хүмүүс амралтын өдрийг долоо хоногийн сүүлчийн хоёр өдөр гэдгийг сайн мэднэ. Харин Айронсайдын 10 дугаар байшинд бол ийм ойлголт байгаагүй. Энэ дүрмийг ээж маань гаргасан. Түүнийхээр бол амралтын өдрийн үргэлжлэх хугацаа нь нэг хоног хагас л байна. Ээж ах, бид хоёрыг ням гаригийн орой 6.00 цаг гэхэд гэртээ ирж, усанд орж маргааш өглөөнийхөө хичээлийн бэлтгэлийг хангахыг шаарддаг байлаа. Биднийг тогтсон хугацаанд гэртээ ирэхэд толийтол индүүдсэн сурагчийн дүрэмт хувцас хэдийнэ бэлэн болсон байдаг. Дүрэмт хувцсаа хараад миний дур гутдаг. Амралтын өдрүүдийн эрх чөлөөт цаг өндөрлөж буйг сануулах тэр форм надад яг л шоронгийн хувцас шиг санагддаг байж билээ. Энэ бол сургуульдаа явахыг үзэн яддаг байсан хэрэг биш, зүгээр л хагас, бүтэн сайнд Блюбэл орчимд хэсэх дуртай байв. Ээж Пол ахаас илүүтэй миний хичээлд анхаарна. Тэр биднийг ямар ч толбогүй, үрчлээгүй хувцсаар гангалдаг байсан. Гутлыг маань нүүрнийхээ хувирлыг харж болохоор гялалзтал тосолчихно. Муухай ээж! Тэр үргэлжид ийм байсан. Би гэрээсээ цэвэр хувцастай гараад заавал бохир, заваан болж ирдэг байлаа. Шаварт хутгалдан бохирдсон гуталтай гэртээ орно. Ээж ташаагаа тулан ууртай угтдагсан.

Миний сургуульдаа явах замд онц сонин зүйл үгүй. Сургуульдаа хүрэх үед харин тоглолтын талбайд залгуулаад байшин барьсан юм шиг л харагддаг байж билээ. Хэдий гэртэй минь ойрхон ч гэсэн ээж намайг үргэлж сургуульд хүргэж өгч, авдаг байв. Би багадаа хэн нэгэнд хор хөнөөл учруулахгүй ч бас ч үгүй сахилгагүй хүүхэд байсан. Үүнээсээ ч болж багш нараас шийтгэл хүлээн, хана харж зогсдог байв.

Хичээл орох үед бие минь ангид байвч санаа сэтгэл маань хэдийнэ биеийн тамирын талбайд оччихсон тоглож байдаг байлаа. Чамгүй удаан үргэлжлэх үдийн цайны цагт би дуртай. Үнэт цагаас минь хороох учир энэ үед халуун хоолоос татгалздаг байв. Бага сага хуурай идэх юм авахаар дугаарлаж зогсохдоо "Алив талбай дээр хурдан цуглаарай, тоглоцгоое” гэж бусдыгаа уриална. Үүнээсээ болоод орой болгон ээждээ "Халуун хоол идэх ёстой шүү" гээд үглүүлдэг байв. "Хэрвээ сургуулийн хоолонд дургүй юм бол гэртээ гүйгээд ир л дээ" гэж ээж хэлнэ. Сүүлдээ ээж хавчуургатай талх, шоколад, уух юм савлан явуулдаг болов. Дээр нь багахан жимс хийдэг. Гэвч би жимсээ огт идэлгүй гэртээ буцаагаад аваачна. Алим. гадил, жүрж юу ч байсан адил. Цөцгийгөө ч мөн л тэр хэвээр нь гэртээ авчирна. Авч явсан юмаа хурдхан идээд тоглохоор яардаг учир тэр бүгдийг нямбайлан зооглох нь надад тохиромжгүй байсан. Ээж "Стиви, чи дахиад л цөцгийгөө идэлгүй үлдээжээ. Чи шоколад л идээд байгаа юм уу?”гэж асууна. Ээж надад үдийн хоолыг маш бага хугацаанд амжуулах ямар хэрэгтэй вэ гэдгийг ойлгодоггүй юм. Би их завсарлагаа болонгуут ангиас гараад талбай руу ээжийн савласан зуушийг үмхлэн гүйдэг байв. Айронсайдад найзууд маань тоглож байвал хөршийнхөө нохойнд хоолоо шидэж өгчихөөд л тоглодог байж билээ. Харин орой бол өлбөрч үхэх гэж байгаа амьтан гэртээ орж ирээд гарт тааралдсанаа үмхлэн иддэг байв.

Хичээл дээр би дэвтэртээ их л хичээнгүйлэн юм бичиж сууна. Багш нар хараад хичээлдээ их анхаарч байна даа гэсэн сэтгэгдэл төрөхөөр. Гэвч огт тийм байгаагүй. Би зүгээр л их завсарлагааныг хүлээн цаг нөхцөөн тэгж суудаг байв. Дэвтэрийнхээ ар талд цайны цагаар болох тоглолтон дээр хэнийг хаана тоглуулахаа тооцоолон тэгж нямбай бичиж суудаг байсан хэрэг. Хонх дуугарангуут үсэрч гараад хөвгүүдийг цуглуулан тоглолт зохион байгуулж. охидыг харин талбайг чөлөөлөхийг гуйна. Охидод хандан "Та нар талбайг чөлөөлнө үү, гэхдээ тоглолтыг үзэж болно шүү” гэж эелдгээр хүсдэг байлаа. Тэгээд цүнхээрээ талбайн хязгаар хаалгаа тэмдэглээд тоглож гарна даа. "Уэмбли”-д болдог FА Сuр-ын финалаас ч сонирхолтой тоглолт тэнд өрнөдөг байлаа. Бид бөмбөгний төлөө тэмцэлдэн, унасны улмаас нүүрэндээ шарх, сорвитой үлдэх нь цөөнгүй. Хожигдол гэдэг миний хувьд байж болшгүй зүйл. Энэ тоглолтод ялагчид бахархалтайгаар сүү ууцгаан, харин хожигдогсод хоосон лаазаа бариад анги руу явдаг байв.

Бэрри Банчис бид хоёр Сент Микийн сургуулийн урдаа барих тоглогчид нь байв. Харин сургууль дээрээ тоглоход бид үргэлж өрсөлдөгчид болно. Бид хоёр багийн тоглогчдоо ээлжилж сонгоод хүч шавхсан тоглолт хийдэг байлаа. Бэрри бол маш авъяаслаг тоглогч. Тэр "Денберн” -ий 13 хүртэлх насны багт тоглодог байсан. Тус багт түүнээс гадна Майкл Бранч, Тони Хибберт нарын сайн тоглогч багтдаг байв. Миний хувьд "Ливерпуль”-д орох хүртлээ "Денберн”-ий багт багахан хугацаанд тоглож. "Эжхиллийн хүүхдийн лиг"-т түрүүлэхэд нь хувь нэмрээ оруулж байлаа. Бэрри бид хоёр сургуулийнхаа шигшээгийн түлхүүр тоглогчид байлаа. Нэг жил бид Сент Микийн сургуулийн багийг орон нутгийн нэгэн тэмцээнд түрүүлүүлснээр манай баг "Уэмбли"-д тоглох эрхээр шагнуулсан. Үнэхээр гайхалтай шагнал. "Уэмбли”. Эртний түүхт энэ хуучин цэнгэлдэх хүрээлэнд тоглох эрх авчхаад бид тэнд болох мөчүүдийг хэдийнэ төсөөлөөд эхэлсэн байв. "Уэмбли". Үнэхээр мөрөөдөл минь биеллээ гэж үү? Нэг удаагийн тоглолт дээр би байнга хийдэг хамгаалалтаа хийн гулсан уналаа. Гэтэл ундааны бөглөөнд өвдгөө урчихлаа. Ердөө таван оёо тавиулсан ч энэ шарх “Уэмбли" рүү явах багийн бүрэлдэхүүнээс хасахад хангалттай байжээ. Нулимс өөрийн эрхгүй асгарав. Найзууд маань “Уэмбли"-д хөл тавихад би эмнэлгээс гарч байв. Өвдөг дээрх тэр сорви ямар ч зовиургүй болсон ч "Уэмбли" явах хүслийг минь боомилсныг үргэлж сануулдаг.

Сент Микийг орхих цаг ирлээ. Бага сургуулиас дунд сургуульд орно гэдэг хүндхэн сонголт хүлээж байлаа. Манай ангийнхны ихэнх нь Боурингийн ерөнхий боловсролын болон Ноусли ахлах сургууль руу явлаа. Пол Боурингт байсан учир би тийшээ явахыг хүссэн. Ахтайгаа хамт байх гэж тэр. Гэхдээ энэ хоёр сургуульд хөлбөмбөгийг чухалчилдаггүй нь миний хувьд асуудал байсан. Хүн болгон намайг хөлбөмбөгийн төлөө юугаа ч өгөхөөс буцахгүйг мэднэ. Дээр нь тоглогчийн ур чадвараа ахиулах нь ямар сургуульд орохоос ихээхэн шалтгаалах байв. Сент Мик сургуулийн маань багш хатагтай Чадвик надад Кардинал Хинэнд очихыг зөвлөсөн. Тэр "Тэнд очвол чи хөлбөмбөгтэйгөө илүү ойр байх болно" гэж хэлсэн.

"Кардинал Хинэн католик шашинтны ахлах сургуулийг би сайн мэднэ. Энэ бол орон нутагтаа шилдэгт тооцогдох хүчтэй багтай сургууль. Хатагтай Чадвикийн нөхөр Эрик Кардинал Хинэнд биеийн тамирын хичээлийн багшаар ажилладаг байсан. Тэгээд эхнэртээ "Стивен Жеррардыг манайд ир гэж ятга. Тэр Кардинал Хинэний төлөө ихийг хийх болно гэж хэлсэн юм билээ. Гэхдээ тэр сургуульд явах нь зарим нэгэнд хүндээр тусах байв. Блюбэл хорооллынхон тэр чигээрээ католик шашинтан биш. Гэхдээ энэ хэнд хамаатай юм бэ? Эцсийн эцэст хөлбөмбөг яллаа. Кардинал Хинэн намайг элсүүлэхийг хүссэн. Хөлбөмбөгийн ур чадварынхаа нөлөөгөөр.

хатагтай Чадвикийн зөвлөгөөгөөр би Кардинал Хинэнд орлоо. Хөлбөмбөг намайг хааш нь хөтөлнө, би тийшээ л явах ёстой. Кардинал Хинэнд сурах нь "Ноусли Бойз”-д байхаас илүүгээр "Ливерпуль Бойз”д орох замыг минь дөтлөх учиртай байв. Ливерпуль Бойз" орон нутагтаа хамгийн шилдэг нь "Ливерпуль”, "Эвертон"-ы скаутууд "Ливерпуль Бойз”-ын тоглолтыг алгасалгүй үздэг. Үүнд хүрэх цорын ганц зам нь Кардинал Хинэн байсан.
Хөлбөмбөгтэй холбоотойгоор дунд сургуулиа сонгосон би тэнд хичээлдээ шамдахгүй бол болохгүй байлаа. Кардинал Хинэнд 1300 гаруй хөвгүүн суралцдаг. Тэнд хөлбөмбөгтэй мэдлэг эн зэрэгцэх ёстой гэсэн зарчим үйлчилнэ. Энэ зарчимд нийцүүлэхийн тулд шөнө болгон хичээлээ давтдаг байв. Үүндээ шантраад бүр уйлна. Эндээс шилжихсэн гэсэн хүсэл цөөнгүй удаа төрж байлаа. Кардинал Хинэн манайхаас гурван милийн зайд оршдог. Хол байна гэж шалтаглаж үзсэн ч ээж, аав маань хөлбөмбөгийн замналд энэ хамгийн сайн нөлөө үзүүлнэ гэж ятгаж чадсан. Би дуртай дургүй явна.

Дунд сургуульд орсноос хойш гурав дахь жилээс энэ бүхэнд даслаа. Блюбэлээс сургууль руу явахдаа автобусны ард суучихаад хөвгүүдтэй хөгжилдөн явах нь миний аз жаргалтай мөчүүдийн нэг. Тэгэхэд анх удаа ээж намайг сургууль руу ганцааранг минь явуулдаг болсон. Би 13 настай ч том хүн болсон мэт санагдаж билээ. Би өсч өндийж том болж буйгаа мэдэрч байв. Халаасан дахь автобусны болон хоолны мөнгө шажигнах нь сэтгэл баясгаж. Блюбэлийн гудамжаар яг л хаан болсон юм шиг сэтгэгдэл төрөн алхдагсан. Автобусны буудал хүрэх замдаа Терри Смит, Шон Диллон нарын гэрээр дайрч хамт явдаг байсан. Шон их орой унтдаг болохоор дандаа хоцорно. Терри бид хоёр есөд 15 дутуу байхад тэдний гэрийн гадна очоод өрөөнийх нь цонх руу чулуу шиддэг. Хааяа бид чулуугаа хэт чанга шидсэнээс цонхыг нь хагалчих шахна. Тэгж тэгж Шон гэрээсээ гарч ирэхээр бид автобуснаасаа хоцрохгүйн тулд хар хурдаараа буудал руу гүйнэ. Бидний хөл жирилзэн, нуруунд цүнх маань савчина. Шон одоо ханын зуух хийдэг ажилтай болсон. Территэй бол ойр ойрхон уулзана. Тэр "Эвертон"-ы үнэнч хөгжөөн дэмжигч юм.

Шон, Терри бид гурав Кардинал Хинэнд хүрэхэд талдаа 26 минутаар тоглоход хангалттай бүтэн цагийн их завсарлагааны тухай бодол миний толгойд орж ирдэг. Өдрийн турш хөлбөмбөг тоглох тухай л бодно. Би ноён Чадвикийн ордог биеийн тамирын хичээлд маш дуртай. Гэхдээ биеийн тамирын хичээлээр ердөө хөлбөмбөг ордоггүй байсан. Регби, гимнастик, крикетийг түлхүү заадаг байв. Би зааланд ч тэр, гадаа талбайд ч ялгаагүй хөлбөмбөг тоглохыг л хүснэ. Эсвэл талбайн теннис. Би теннист их дуртай. Кардинал Хинэнд бид жижиг талбайд модон цохиураар тоглоно. Бид цохиуран дээрээ "Nike"-ийн хээ, эсвэл "Аdidas"-ын гурван судлыг зураад бахдалтайгаар тоглодог байв. Гэхдээ миний хамгаас эрхэмлэх зүйл хөлбөмбөг хэвээрээ байсан.

Кардинал Хинэнд байр сууриа эзлэх амар байгаагүй. "Азарган тахиа гэгддэг хэдэн том биетэй бандитай хэдэн удаа тулж байж талбайд тоглох эрхтэй болсон. Замбараагүй бужигнасан зодоон дунд өөрийнхөө хүнийг цохичихгүйг хичээн нүдэлцэнэ. Эцэст нь бид талбайн эзэд боллоо. Насаар ах, биеэр том хэн ч байсан бид ялна. Хааяа хэн нэгний нударганаас зайлж амжилгүй уруулаа сэт цохиулж, дүрэмт хувцас маань энд тэндээ цусанд будагдана. Үүнийгээ хөлбөмбөг тоглож завааруулсан юм шиг шавхайгаар өнгөлөн далдалдаг байж билээ. Их завсарлагаа бол жинхэнэ оргил цаг. Харин хичээл бол тоглолтын хоорондох чимээгүй ертөнц байсан.

Хичээлдээ би сайнгүй байсан. Кардинал Хинэнд дундаж сурлагатайд нь тооцогддог байв. Хичээл бүрт л ямар нэг ойлгохгүй зүйл заавал гарна. Ялангуяа математикийн хичээлд суух. давтах маш дургүй. Гэхдээ англи хэлний хичээлд гайхалтай сайн заадаг багшийнхаа ачаар сайчуулын нэг нь болж чадсан. Би зохион бичлэг хийх их дуртай. Нэгэнтээ "Хэзээ нэгэн цагт би дэлхийн аварга болно" гэж бичиж байв. Энэ мэтчилэн үг холбон бичих нь миний хобби байсан. Бас ном унших дуртай. Миний хамгийн дуртай ном "Of Mice and Men"***. Энэ бол гайхалтай, сэтгэл хөдөлгөсөн эмгэнэлт зохиол юм. Би энэ номыг урагдаж салбайтал нь олон удаа уншсан. Ой ухаандаа яг л кино үзэж байгаа юм шиг төсөөлөн боддог байв. Дунд сургуулийн улсын шалгалт өгөхөд би англи хэлэндээ С авч, зургаан хичээл дээр D. хоёр хичээл дээр Е авч байлаа.

Миний энэ бүх зүтгэл, хөдөлмөр нэг л зүйлд чиглэгдсэн байсан. Энэ бол миний цорын ганц мөрөөдөл. зорилго хөлбөмбөг юм.

*- Соrоnаtion Street-1960 оны арванхоёрдугаар сарын 9-нөөс эхэлсэн. Ирэх оны нэгдүгээр сард 7000 дахь анги нь гарах Их Британийн хамгийн олон үзэгчтэй савангийн дуурийн нэг
**-ЕаstEnders-1985 оны хоёрдугаар сарын 19-нд эхэлсэн Английн хамгийн олон үзэгчтэй цуврал
***-Нобелийн шагналт зохиолч Жон Штейнбекийн зохиол

Үргэлжлэл нь дараагийн дугаарт

No comments: