Friday, November 21, 2008

Удалгүй тэр талбайд зуны жижиг байшингууд баригдаж, халгай, хогийн ургамал ч үгүй болсон. Бас хатуу хучилттай зам тавигдаж, машин холхих нь ихсэв. Миний өссөн Блюбэл хорооллын мухар гудамж бараг тэр чигтээ зогсоол мэт болж, замын хоёр талаар машин эгнэн ярайна. Харин манай гэр, Айронсайдын 10 дугаар байшингийн өмнө талын цардмал талбай л чөлөөтэй байдаг. Гадаа цаг агаар ямар байхаас үл шалтгаалан бид энд өнждөгсөн. Би гэрээсээ хар хурдаараа гүйж гараад л шууд тоглох боломжтой. Үнэхээр гайхалтай сайхан. Хэн нэг нь надад зориулж энэ талбайг хийсэн гэж би өөртөө итгүүлдэг байлаа. Хэн нэгэн "Чиний амьдрал бол хөлбөмбөг" гэж өмнөх замыг минь зааж байгаа юм шиг. Гайхалтай тохиолдол. Тэр үнэхээр миний талбай байсан. Намайг гэрээсээ гарахад тэнд тоглож байсан хүүхдүүд талбайг чөлөөлөн явдаг байв. Би найзуудтайгаа тав, арав, 12-оороо баг болж хуваагдан өрсөлдөх, тойрч зогсоод бие биедээ дамжуулах, цохилт хийх, хөөцөлдөх гэх мэтээр тоглодог байлаа. Хамгийн сонирхолтой нь "бөгс гаргах" (Bare Arse) гэдэг тоглоом. Хэн нэг тоглогч чамайг хуурч гараад гоол оруулбал чи өмдөө шувтлаад бүх тоглогч бөгс рүү чинь бөмбөг өшиглөдөг тоглоомыг ингэж хэлдэг. Энэ нь скоусчуудын (Ливерпуль орчимд амьдардаг хүмүүсийг Scouse хэмээдэг) сайн хаалгач, оновчтой цохилттой тоглогчийг бэлтгэх уламжлалт арга юм. Манай багт Питер Крауч ирснээр би энэ тоглоомыг дахин сэргээн наадаж билээ. Би бэлтгэлийн өмдөө доошлуулан, Краучи миний бөгсийг онохоор бөмбөг өшиглөж байлаа. Энэ үед хэн нэг нь сэм харж бид хоёрын өгзөгний зургийг аваад сонинд гаргачихсан байлаа. Гэхдээ тэдгээрт биднийг зүгээр л "Bare Arse" тоглож байсныг тайлбарлаж бичээгүй юм. Айронсайдад наадаж байсан энэхүү тоглоомоо би амьдралынхаа туршид мартахгүй.

Айронсайдыг хүмүүс "Happy street" гэдгээр нь сайн мэднэ. Би 1980 оны тавдугаар сарын 30-нд Уистоны эмнэлэгт төрж, "Hapрy street''-ийн хөлбөмбөгийн хэнээт нэгэн гэр бүлийн шинэ гишүүн нь болж байлаа. Блюбэл хэмээх энэ том хороололд хулганын нүх шиг сүлжилсэн замуудыг даган "Хун", "Хөх хонх", "Сарнай", "Царс мод" гэсэн дөрвөн уушийн газар бий. Айронсайдаас инээдмийн жүжигчин Фредди Старр, Стэн Бордмэн, ахмад жүжигчин Рекс Харрисон нарын олон алдартан төрөн гарсан. "Sex and the City''-д тоглосон Ким Кэттрол одоо ч энд амьдарч байгаа. Мөн түүнчлэн "The La's", "Space and Cast" зэрэг олон хамтлаг Хюйтон дүүргээс гарсан. Энэ хорооллын өнцөг тохой бүр өөрийн онцлогтой.

Би Блюбэлийн амьдралд хайртай. Энэ бол миний вант улс, тоглож өссөн газар. Бид Алт голын эргээр хөөцөлдөж тоглон өдрийн ихэнхийг гадаа өнгөрөөдөг байлаа. Ингэж тоглосноороо бидний хурд сайжирсан гэж боддог. Пол ах бид хоёр орой шавар шавхайнд хутгалдсан халтар

юмнууд харьдаг байв. Ээж уурлаж загнан, аав инээмсэглэсээр угтдаг байж билээ. Айронсайдад амьдрал ёстой л буцалж байдаг байсан. Зуны цагт хүмүүс гэр бүлээрээ гадаа сууж, шар айраг ууцгаан, хүүхдүүд нь эргэн тойронд нь тоглодог. Манай 10 дугаар байшингийн эсрэг талд надтай чацуу Лиза, Кэролин гэдэг хоёр охин амьдардаг байв. Би охидод татагдаж, тэдэнтэй тоглохсон гэж үргэлж хүснэ. Би эгч, эмэгтэй дүүгүй болохоор ингэж боддог байсан ч байж болох юм. Тэдэнтэй тааралдвал би заавал ярианы сэдэв гаргаж ирдэг, Харамсалтай нь Лиза, Кэролин нарт нэг том дутагдал байсан. Тэд хөлбөмбөг тоглож чаддаггүй байсан юм. Энэ уул нь асуудал болгоод байх зүйл биш л дээ. Гэхдээ би аливаа зүйлийг хөлбөмбөгөөс ангид төсөөлж байсангүй. Блюбэл хороолол хөлбөмбөгийн хэнээтэй хүүхэд, залуусаар дүүрэн байсан. Хюйтон дүүргээс Стив Макмахон, Жои Бартон, Ли Трундл, Питер Рейд, Тони Хибберт, Крэйг Хигнетт, Дэвид Нюжент нарын олон авьяаслаг мэргэжлийн хөлбөмбөгчин төрөн гарсан. Хотынхон бараг тэр чигтээ бүтэн сайны лигт тоглодог байлаа. Хөлбөмбег бол Ливерпульд шашин мэт хүчтэй тархсан юм. Блюбэлд би өөрийнхөө үеийн 7-8 хүүхэдтэй нийлж баг болоод ээж нарыгаа дуудах хүртэл нь тоглодог байв. Гэхдээ тэдэнтэй тоглоход надад нэгэн хүндрэл байсан. Найзуудын маань ур чадвар, арга барил надад гологддог байсан юм. Гурван насаар ах Полтой тоглож өссөний минь нөлөө биз. Пол арваад найзтай, тэдэнтэй нийлээд тоглохоор үнэхээр үзүүштэй. Зургаатайгаасаа би Полтой нийлж, найзууд дунд нь орж тоглох болов. Ахын найз нарын ихэнх нь намайг багтаа авахыг хүснэ. Тэдэнтэй тоглоход л би жинхэнэ таа*a*л авдаг байсан. Полын найзууд их авьяаслаг. Пол өөрөө "Болтон Уондерерс"-т орох шахаж байсан. Дэнни Уолкер гэдэг нэг хүү хожим "Транмер Роверс"-ын өсвөрийн багт орсон. Тэд "Толгейт" гэдэг нэртэй баг байгуулж, Хюйтоноос хоёр автобус дамжиж хүрдэг газар 10 хүртэлх насныхны лигт тоглодог байв. Нэг удаа би Полыг дагаж тоглолт үзэхээр яваад тэмцээнийг зохион байгуулагчдаас өөрийгөө тоглож болох эсэхийг асуув.

Тэд "Чи хэдтэй юм бэ?" гэхэд нь би "Долоо" гэж хариуллаа. "Дэндүү жаахан байна аа. Тоглуулахгүй" гэв.

Би уйлж эхэллээ. Тэдэн рүү "Тэр ямар хамаатай юм бэ? Би тоглож чадна" гэж хашгирлаа. Гэвч нэмэр болсонгүй. Гэр үед би хүнд гологдохын, татгалзсан хариу сонсохын таагүйг анх мэдэрч билээ.

Айронсайдад, гэрийн минь өмнө байдаг цардмал талбай тоглогчдыг тэмцэлтэй болгож сургасан. Бөмбөг авч, түүнийгээ булаалгахгүй, дээр нь унахгүй тэнцвэртэй хурдан гүйх чадварыг бид маш хурдан эзэмшсэн. Полын найзуудтай тоглоход тэд намайг хүчтэй хамгаалдаггүй байв. Учир нь би тэднээс гурван насаар дүү, биеэр хамаагүй жижиг. Хүчтэй цохилт. Бөмбөг намайг онолоо. Аймшигтай өвдөлт. Гэхдээ ингэлээ гээд би шантраагүй, яагаад гэвэл би үүнд дуртай. Ийм зүйл олон тохиолдоно. Хатуу газар унаж, бөмбөгөнд баахан цохиулсан би гэртээ ихэвчлэн хазганаж, доголсон хүн очдог байлаа. Би нэг удаа бөмбөгний төлөө тэмцэлдэж байгаад хайс мөргөөд нүүрээ шалбалчихав. Ха*a*ны төмөр нүүрэнд минь овоо ором үлдээжээ. Гэвч би үүнийг тоогоогүй. Айронсайдын 35 дугаар байшинд байдаг Тони өвөө дээр гүйж очив. Өвөө нүүрэнд минь шархны наалт нямбайлан тавилаа. Ингээд л боллоо, би тоглолт руу яаран буцав. Ахын найзууд "Хурдлаарай" гэж хашгирна. Хүчтэй цохилт. Би тулаанд эргэн орлоо.

Айронсайдын 10 болон 35 дугаар байшинд одоо ч манай гэр бүлийнхэн байдаг. Пол ах 10 дугаар байшинд амьдарч байна. Жеррардууд үргэлж Айронсайдад байх болно.

Тони өвөө бол аавын минь аав. Харин ээжийн аав Сидни Салливэн өвөө манайд миний сургуульд сурах хугацаанд буюу найман жил амьдарсан. Тэр хүнд өвчтэй байсан. Түүнийг анх цус харвахад нь бид эмч нараас итгэмээргүй нэгэн мэдээг сонсож билээ. Энэ нь хэрэв өвөөд дахин ийм зүйл тохиолдвол эмнэлэг хүлээж авахгүй, гэрээрээ эмчилгээ хийлгэ гэсэн дэндүү харгис, хатуу мэдэгдэл байсан. Миний асрагч хэдэн хорооллын цаана амьдардаг байсан ба түүний хувьд өвөөг бүрэн хариуцах боломжгүй байсан. Хэрэв асрагч гадаг*a* гарах *a*рдлага гарвал өвөө ганцаараа үлдэж чадахгүй байв. Ээж "Аав маань гэртээ байж чадахгүй" гэж эмч нарт учирласан ч эцсийн эцэст тэр бидэнтэй амьдрахаар боллоо. Бид байрандаа өвөө бие дааж байхад тохиромжтойгоор нэг өрөөг нь тохижуулав. Сидни өвөө өрөөнөөсөө бараг гардаггүй байсан. Хааяа л бидэнтэй хамт зурагт үзэхээр үүдний өрөөнд орж ирдэг байлаа. Сидни өвөө дөрвөн удаагийн харвалтыг давж гарсан. Цус харвалт бүрийн дараа түүнийг улам л тамир тэнхээгээ алдаж буйг нь хараад миний уур хүрдэг байв. Анхны харвалтынх нь дараа Пол ах бид хоёр өвөөтэй чөлөөтэй ярьдаг байсан. Түүний ухаан сав саруул байсан юм. Харин дараа дараагийн харвалтуудаас бидний харилцаа улам бүр хүндрэлтэй болж билээ. Түүний өвчин шаналал биднийг маш их бухимдуулдаг байсан. Гэхдээ тэр хүн бүрийн хайрыг татдаг байлаа. Хэдий тэр хүнд өвчтэй ч үргэлж инээмсэглэн, бидэнтэй ярилцдаг байсныг одоо ч дурсан санах сайхан байдаг. Өвөөгөө хараарай гэж сануулахад нь жаахан ч гэсэн анхаарал сарниулахад л ах, бид хоёрыг ээж ширүүн зэмлэнэ. "Алив өвөөгийнхөө цайг нь дөхүүлж өгөөрэй, явж өвөөтэйгөө хамт цай уу" гэхчилэн захидагсан.

Сидни өвөө ах, бид хоёрт амин голоосоо хайртай. Бидний хүссэн бүхнийг авч өгөхөд тэр бэлэн. Ээжид "Хүүхдүүдэд хөлбөмбөгийн хувцас хэрэглэл авах мөнгө өг" гэж ээжид хэлнэ. Ээж "Үгүй" гэж хариулахад нь "Үүнийг ав даа" гээд бидэнд мөнгө өгдөг байв. Тэр үнэхээр өглөгч хүн байсан. Хэдий баян, мөнгөтэй байгаагүй ч "Хөвгүүдэд хэрэгтэй зүйлийг нь авч өгөөрэй" гээд л мөнгө өгдөг байлаа. Тэтгэврийн, бас эрүүл мэндийн даатгалаас авсан хэдэн фунтээ тэр ингэж бидэнд зарцуулдаг байсан юм. Тэр бүх л насаараа Тэнгисийн цэрэгт алба хашсан юм билээ. Өвөөг өнгөрсний дараа ээж хэсэг хугацаанд тамхи татав. Энэ мэтчилэн өвөөгөөс болж түүнд багагүй өөрчлөлт илэрсэн. Бид маш дотно гэр бүл байсан ч Сидни өвөө биднийг бүр илүү холбодог гинж нь байсныг бид энэ үед ойлгосон.

Би аавынхаа ажиллаж байх үеийг төдийлөн мэддэггүй. Түүнийг ажлын цагийг бүрэн ашиглаж, маш үр бүтээлтэй ажилладаг байсан гэхийг би олонтаа сонссон. Аав ээжийг дэлгүүр лүү юм уу, ах, бид хоёрыг сургуулиас авахаар явсан хойгуур Сидни өвөөг асрахын зэрэгцээ гэрийн орчин тойрноо тохижүүлж, цэвэрлэдэг байв. Аав маань зүгээр л энгийн нэг ажилчин байсан. Аавын найзууд оройн цагаар уушийн газар суудаг байсан бол аав илүү цагийн ажил хийж, амьдралдаа дэм болохыг эрхэмлэдэг байв.

Пол бол миний хамгийн сайн найз. Үргэлж ийм байсан, цаашид хэвээр байх болно. Тэр Айронсайдад минийхээс том унтлагын өрөөтэй байсан. Бас түүний өрөөнд уурын халаагуур, том ор гэхчилэн бүх юмтай. Гэхдээ би түүнтэй барьцаж, маргаан үүсгэж байсангүй. Пол бол миний шүтээн байсан юм. Надад Пол болон түүний найзуудтай хамт байх нь жаргал байлаа. Харин Пол дандаа л "харь, яв" гэж намайг хөөдөг. Тэр намайг найзуудтай нь хамт хөлбөмбөг тоглож, ярианд нь оролцохыг хүсдэггүй байсан. Хааяа бид хоёр үүнээс болоод нударга зөрүүлнэ. Нүүр, бие рүү минь нударч түлхэхэд нь дургүй хүрч "Чамайг үзэн ядаж байна, чамайг ална даа" гэж орилно. Төд удалгүй уур гарч, дахиад л тэдэнтэй нийлээд явдаг байв. Хааяа нуугдаад сэмхэн алга болж, найзуудтайгаа тоглож байгаад ирэхдээ Пол "Стиви, компьютер тоглох уу?" гэж асуудаг. Хэрхэн тооцоо бодохоо тооцоолж суусан би бүхнийг мартаж "Тэгье" гэж урамтай гэгч нь хашгирдагсан. Полын ертөнцөд дахин нэвтрэх боломж олдсон нь надад сайхан зав*a*н юм. Тэгээд бид уйдталаа компьютер тоглодог. Би ахыгаа үнэхээр бишрэн дээдэлдэг байсан. Одоо Пол яг л миний дүү шиг харагддаг.

Пол хөлбөмбөгт тун авьяастай байсан ч тоглогч болохыг төдийлөн сонирхоогүй юм. Тэр зүгээр л найзуудтайгаа хөгжилдөх гэж хөлбөмбөг тоглодог байсан. Аав түүнд "Чи арай идэвхтэй байж, хөлбөмбөгөөр хичээллээч" гэж хэлнэ. Харин ах "Яах юм бэ, гадаа хүйтэн байна шүү дээ. Гэртээ байсан нь дээр" гэж шалтаг тоочдог байв. Гэхдээ Пол хөлбөмбөгийн тактик мэддэг, тоглогчийг танихдаа сайн. Би тоглолт бүрийн дараа ахтайгаа алдаа, оноогоо дүгнэн ярилцдаг. Бид бие биеэ харцаараа л ойлгодог.

No comments: