Tuesday, April 21, 2009

The Holy Goalie

Артур Боруч

Бүтэн нэр: Артур Боруч
Төрсөн он сар: 1980-02-20 29 настай
Төрсөн газар Siedlce, Poland
Байрлал: Хаалгач
Хоч: The Holy Goalie

Тэрээр 1980 оны 2 сарын 20нд Польшд төрсөн.. Селтик болон Польшийн шигшээ багийн үндсэн хаалгач. Өнгөрсөн жил дэлхийн топ5 хаалгачын тоонд багтсан билээ.



Клубын карьер

Польшд
Анх 1998 онд Pogon Siedlce гэж төрсөн нутгийхаа багт хаалгачаар тоглож эхэлжээ. Дараа жил нь Legia Wasrzawa гэж улсынхаа алдартай клубд уригдан сэлгээний багт тоглож эхэлсэн байна. Энэ жилдээ Dolcan Zabki клубд хагас жил зээллэгээр тоглосон.
Харин багтайгаа Лигийн эхний тоглолтоо 2002 оны 3 сард хийсэн ба энэ улиралдаа үндсэн хаалгачын байрлалыг баттай эзлэв.
2004 оны 6 сард Widzew Łódź гэж багийг 6-0 ээр хожиход пеналтаас гоол хийж байжээ.

Шотландад
2005 оны 6 сарын 20нд тэрээр Селтик клубд нэгдсэн билээ. Анх нэг жилийн хугацаатай зээллэгээр ирсэн ч тэрээр клубтайгаа 2009 он хүртэл шинэ гэрээ байгуулж Селтикийн тоглогч эргэлт буцалтгүй болов. Өнгөрсөн жил тэрээр багтайгаа ахин шинэ гэрээ байгуулж 2011 он хүртэл Селтикийн төлөө зүтгэхээр болсон.
2006 оны 11 сарын 21 нд Аваргуудын Лигийн хэсгийн тоглолтод Селик Паркд Манчестер Юнайтед багтай хийсэн тоглолтод Накамурагийн гайхалтай хаалттай цохилтын ачаар Селтик 1-0 ээр хожиж явсан ба 89 дэх минд Манчестерийн Люис Сахагийн 11 метрийн цохилтыг хааснаар Селтик клуб шөвгийн 16д үлдэх эрхтэй болсон билээ.
Ер нь ч энэ үед тэрээр ер бусын гайхалтай тоглолт үзүүлж байсан ба 2007 оны Шотландын шилдэг хаалгач болж оны Шилдэг Хөлбөмбөгчинд нэр дэвшсэн юм.
2007 оны намар Аваргуудын Лигийн урьдчилсан шатны тоглолтод Спартак Москва багтай тоглоход тоглолтын явцад нэг пенальт хааж улмаар 11 метрийн торгууль цохиход гавьяа байгуулж Селтик маань Аваргуудын Лигд өрслөдөх эрхтэй болсон билээ.
Харин өнгөрсөн нэгдүгээр сард Шотландын цомын тэмцээнд Дундээ Юнайтед багийн эсрэг пеналтиас гоолдож Селтикийн төлөө нэг гоол хийгээд амжсан.


Шигшээгийн карьер


2004 оны 4сарын 28 нд Ирланд Польш улсуудын нөхөрсөг тоглолт дээр анх шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд тоглож эхлэжээ.. Энэ тоглолт нь гоолгүй тэнцээгээр өндөрлөж байж. Харин өнгөрсөн сар Ирландын шигшээтэй тоглож 3-1 ээр хожигдоход манай хүн 2 ч том алдаа гаргасан. Харин 2 хоногийн дараа Сан Маринотой хийсэн тоглолтод клийн шийт хийсэн ба баг нь 10-0 ээр хожсон билээ. 2004 хойш тэрээр Польшийн шигшээ багийн хаалгыг одоог хүртэл манаж байгаа ба 41 тоглолтод оролсон байна.

2006 оны дэлхийн аварга

Дэлхийн аваргад оролцох 23 тоглогчид багтан Германд ирсэн билээ. Томаш Кушчак, Лукас Фабайнски нарын хаалгачдаас Боруч гараанд гарч тоглосон. Хэдийгээр баг нь хэсгээсээ гарч чадаагүй ч Боруч гайхалтай тоглолт үзүүлж байсан. Ялангуяа Германы шигшээ багийн эсрэг маш олон гайхалтай сэйв хийж байсан ч сэлгээгээр орж ирсэн Оливер Ноевиль тоглолтын төгсгөлд гоолдож харамсалтайгаар хожигдож байсан.

2008 оны Европын аварга
Мөн л шигшээ багийнхаа үндсэн хаалгачаар Европын аваргад тоглосон. Баг нь хэдийгээр хол яваагүй ч Боруч хийдгээ л хийж байсан. Тэмцээний үеэр түүнийг сонин хэвлэлүүд “Сансрын нисгэгч” хэмээн хочилж байлаа.

Цаадах чинь зан аашийн хувьд бас жоохон ширүүн талдаа Селтикд ч тэр Польшдоо ч тэр хэдэн хамгаалагчаа бол бараг барьж аваад зодох нь холгүй л загнадаг даа. Энэ нь ч фэнүүдэд багагүй таалагддаг.
Өнгөрсөн 8 сард Украйнтай хийсэн нөхөрсөг тоглолтын дараа багийнхаа хэсэг нөхдийн хамт буудалд сахилгагүйтэн 2 ч тоглолтод оролцох эрхээ хасуулаад амжсан. Гэхдээ 10 сарын 11д Чехийн эсрэг тоглолтод оролцсоноор буцаад шишгээ багийнхаа хаалгыг манаж эхэлсээн.

The Holy Goalie буюу түүний хочны тухай

2006 оны 8-р сарын 25-нд Стратклидийн цагдаа түүнийг жилийн өмнөх тоглолтон дээр Рейнжерсийн дэмжигчдийн өмнө тэднийг доромжлох үйлдэл хийсэн хэмээн буруутгажээ. “Сандэй Гералд” сонинд гарснаар “26 настай Боруч гурван хуруугаараа байнга залбирал үйлддэг хийгээд хуруугаараа V sign буюу “ялалт” гэсэн үгийг үзүүлснийг нь цагдаа зүй бус үйлдэл хийсэн гэж мэдэгдсэн байна” гэжээ. /Яагаад энэ нь доромжилсон болох бэ гэхээр Селтик католик шашинтай, харин Рейнжэрс протестант шашинтай ба дээр үеэс энэ 2 шашин хоорондоо зөрчилдөж дайн байлдаан болсоор ирсэн түүхтэй. Харин орчин үед энэ тэмцэл нь Глазго хотын дерби болох Селтик Рейнжэрс 2 багийн тулаанаар ногоон талбайд илэрдэг. Боручын үзүүлсэн тэрхүү үйлдэл нь Протестантуудыг доромжилсон үйлдэл гэж би ойлголоо./ Гэхдээ хачирхалтай нь түүний хийсэн үйлдэл нь камерт бичигдээгүй ба цагдаа болон гэрчийн мэдүүлэг дээр үндэслэн буруутгасан байна. Энэ гэнэтийн тохиолдол түүнийг “The Holy Goalie” гэдэг хочтой болгосон байна.
Шүүх хурал дээр прокурор хэлэхдээ олон нийт болон цагдаагийн оффицер түүний үйлдлийг харсан гэжээ. Үзэгч гэрчүүд түүнийг Ренжерсийн фэнүүд рүү харж инээмсэглэн шоолж, “алив” гэх дохио үзүүлсэн гэжээ. Энэ үйлдэл нь Рейнжэрсийн фэнүүдийг галзууруулах дөхсөн ба цагдаагийхан болон хамгаалалтын ажилчид үзэгчдийг хэвийн байдалд оруулж нөхцөл байдлыг намжаах гэж 10аад минутын турш арга хэмжээ авсан гэж цагдаагийхан хэлжээ. Шотландын парламентын ажлын албын мэдэгдэж буйгаар долоовор дунд хуруугаа гозойлгох нь Ромын Католик шашны нэгэн илэрхийлэл үүнийг хууль зөрчиж магадгүй хэн нэгнийг анхааруулах гэж хэрэглэдэг аж.
Ромын Католик сүм “шашны илэрхийллийг энгийн байдлаар хэрэглэдэг дэлхийн цөөн хэдэн орны нэг нь Шотланд бололтой” гэж албан ёсоор мэдэгджээ. 2006 оны 8-р сарын 28-нд Кроун оффис хэвлэлд тайлбар өгөхдөө Боручын Рейнжерсийн дэмжигчдэд үзүүлсэн үйлдэл нь түүний залбирлаас илүүтэй хүнд үйлдэл гэж үзэж байгаа ба үүний эсрэг маш хөнгөн арга хэмжээ авсан бөгөөд тэдгээр хүмүүсийн шашны баримтлалыг хамгаалах үйлдэл хийгээгүй” гэж онцлон тэмдэглэжээ. BBC онлайн мэдээгээр энэ явдал нь шашны ягшмал үзлийн асуудлаар хурцадмал байдал Шотландад үүсгэсэн” гэжээ. Ромын Католик сүм Краун оффисын гаргасан тодорхойлолтыг хүлээн авсан ба ялангуяа “түүнийг өршөөх ямар ч зам байхгүй” гэсэн мэдэгдлийг илүү таатай хүлээн авсан байна.
2006 оны 12-р сарын 17-нд Боруч буруутгагдснаасаа хойш анхныхаа Өлд Фирмийн тоглолтонд ороод тоглолтын турш залбирсан ба Рейнжэрс хаалганд бөмбөг оруулсны дараагаар Рейнжерсийн дэмжигчдид түүн рүү чангаар уухайлан хашгирч байсан байна. Селтикийн хэвлэлийн төлөөлөгч түүний үйлдлийг хамгаалж “Артур Боруч нь Селтикийн хөл бөмбөгийн клуб болоод цагдаа нарын хувьд ч ямар нэгэн асуудал гаргаагүй” гэж мэдэгдсэн байна.
Одоо тэрээр Рейнжэрстэй тоглох болгоны өмнө хаалган дээрээ ирж залбирдаг уламжлалтай билээ..

Хувийн амьдрал

Боруч Легиа Варшав багийн үнэнч фэн. Тэдний тоглолт болгоныг анхааралтай үздэг. Легиа Варшав клубийн хөгжөөн дэмжигчдийн холбооны гишүүн ба ажилд нь туслалцдаг.
2007 онд 27 настай Польш бүсгүйтэй гэрлэсэн.
2008 оны 6 сард анхны хүү Алекс нь мэндэлсэн.




Monday, March 9, 2009

You'll never walk alone!!!

Тиймээ энэ дууг мэдэхгүй Ливерпулийн фэн гэж байхгүй..
Ливерпуль хотын Анфиелд Роад цэнгэлдэх хүрээлэнд алдарт Ливерпуль клубын тоглолт эхлэх болгоны өмнө энэ дуу цуурайтдаг. Сүлд дуугаа сонсож талбай дээр гарсан тоглогч бүхэн зөвхөн ялалтын төлөө тоглосоор ирсэн билээ...


When you walk through a storm hold your head up high,
And don't be afraid of the dark.
At the end of a storm is a golden sky
And the sweet silver song of a lark.

Walk on through the wind,
Walk on through the rain,
Tho' your dreams be tossed and blown.
Walk on, walk on with hope in your heart,
And you'll never walk alone,
You'll never walk alone!

Дууны үг ер хүнд урам өгч итгэл хайрласан бусын ид шидтэй билээ..

2009 оны хоёрдугаар сарын 18нд Америкийн Вашингтон дахь Линколины дурсгалын хөшөөний дэргэд болсон Брак Обамагийн ерөнхийлөгчийн сонгуулийн “Бид бүгд нэг” хэмээх баярын концертэд энэ дууг дуулсан билээ. Дууны үгийн -“Борооноор ч алх, мөрөөдөл чинь хаягдан салхинд хийсэн алга болсон ч үргэлжлүүлэн алх зүрхэндээ найдвар тээн алх” гэсэн хэсэг нь эдийн засгаараа гүн хямралд орж туйлдсан, маргаашийг гэгээлэг байна гэдэгт л итгэж байгаа манай үндэстэнд илүү тохирсон шиг санагдаж байна.

Дууны түүхээс цухас дурьдвал:
Дууны үгийг тэртээ 1945 онд Оскар Хаммерстэйн гэдэг хүн бичсэн ба аяыг Ричард Роджерс зохиож байсан байна.. Анх Christine Johnson гэдэг дуучин дуулж олны хүртээл болгосон ба Америкд Кароусел гэдэг музикл дээр дуулагдаж байжээ...

Харин 1960 аад оны үед энэхүү дууг Ливерпул хотын Gerry & The Pacemakers хамтлаг дуулсан нь маш их амжилт олж Английн хит парадыг 4 долоо хоног тэргүүлсэн байна. Ингээд манай Ливерпуль клубын сүлд дуу болох зам нээгдсэн билээ..Ливерпулийн хуучин тоглогч Томми Смит Gerry & The Pacermakers хамтлагын ахлагч Gerry Marsden нар тэр үеийн Ливерпүүлийн менежер Билл Шанклид дууныхаа бичлэгийг танилцуулжээ. “ Шанкли ч юу сонсчвоо хэмээн мэл гайхаж цэл хөхөрчээ. Ингээд энэхүү гайхалтай дуу Ливерпулийн сүлд дуу болсон түүхтэй.Ер нь Ливерпуль клуб үргэлж сэтгүүлч нарын анхаарлын төвд байдаг байсан учир Gerry & The Pacermakers хамтлагч нэр гарахад улам түлхэц болсон юм.
Гэхдээ энэ дууг зөвхөн Ливерпулийн фэнүүд дуулаад зогсохгүй мөн Шотландын Селтик, Хиберниан, Голландын Фэйноорд багийнхан мөн дуулдаг юм.
Мөн энэхүү дууг Nino Simone, Johnny Cash, Gordon MacRae, Judy Garland, Mario Lanza, Roy Hamilton... гэх мэт маш олон хамтлаг дуучин дуулсан ба тэдний дунд алдарт Elvis Presley ч багтдаг юм. Pink Floyd хэмээх рок хамтлаг “Fearless” хэмээх 1971 онд гаргасан цомогт “ You’ll never walk alone”-г Ливерпулийн дэмжигчид дуулсанаар оруулсан байдаг. Бичлэг дууны дундуур нилээн хэдэн удаа давтагддаг бөгөөд дууны төгсгөлд дангаараа дуулагддаг.
Сүүлийн үед л гэхэд 2007 оны “Америкийн Шүтээн” хэмээх дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг телевизийн шоуны финалын шатанд залуу дуучин Jordin Sparks дуулсан ба хүмүүсийн сэтгэлийг асар их хөдөлгөж улмаар тус шоунд түрүүлж ирээдүйн том од болох гараагаа эхлэсэн...
Мөн 2007 онд Анфиелдэд болсон “You’ll never walk alone” сэтгэл хөдөлгөсөн тоглолтыг үзсэн Испанийн Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Александро Бланко өөрийнхөө улсын үггүй төрийн дуулалдаа үг хайх онгод орсон гэдэг.

За ингээд төгсгөлд нь хэлэхэд энэхүү гайхалтай дуутай Ливерпуль клубын олон ялалт, ялагдал,баяр хөөр, дурсгалтай мөчүүд холбоотой бөгөөд энэ л дуутайгаа хамт агуу амжилтыг үзүүлсээр ирсэн цаашид үзүүлсээр ч байх болно оо...

YOU WILL NEVER WALK ALONE!!!

Татахыг хүсвэл
Фэнүүдийн дуулснаар
Gerry & The Pacemakers
Жордин Спарк
Элвис Прэсли

Thursday, February 12, 2009

Spain 2-0 England



Сэрүүлэг тавин байж энэ тоглолтыг үзсэн.. Испанийн шигшээ багийн хувьд Евро2008 ын бүрэлдэхүүн бараг байсан бол Англичуудын хувьд Рууний, Овен, Жеррард, Жо Коул, Уолкотт, Фердинанд зэрэг тоглогчид байгаагүй.. Гэсэн хэдий ч ямар ч багтай үзэлцэхээр л бүрэлдэхүүнтэй байсан..

.................Жеймс

Жонсон...Ягелка....Терри.....Коул

Шон....Кэррик...Барри.....Даунинг

..........Хэскэй.....Агбон

гэсэн бүрэлдэхүүнтэй гарсан... Тоглолт эхлээд овоо тэнцүүхэн тоглож эхний аюултай довтолгоог Даунингийн дамжуулалтаар Агбон хийсэн.. Гэвч Испанийн төвд гарсан хагасууд болох Сенна, Алонсо, Шави, Инеста нар төвд үнэхээр гайхалтай тоглож илүүрхэж эхэлсэн.. Ингээд эхний гоол нэгдүгээр үеийн төгсгөлд Англичуудын хурданаар эхлүүлэх гэсэн довтолгоог Алонсо таслан Вилляд дамжуулж Вилля ч сүүлийн үед форм сайтай байсан Эвертоны Ягелкаг хөнгөхөн аргалаа л 3 хамгаалагчийн дундаас хаалга руу гулгуулахад хаалгач Жеймс үсрэх нь байтугай хөдөлсөн ч гүй гоол алдлаа..
Ингээд 2 үе эхлэхэд Капелло 5 сэлгээ хийсэн юм.. Довтолгоонд Крауч, хагас хамгаалалтанд Бекхэм, Лампард, мөн хаалгач Жеймсийг Грийнээр, Ягелкаг Апсоноор сольсон юм..
Бекхэм гарч ирсэнээр чөлөөт цохилт арай аюултай болж гоол хийх боломж гаргаж байсан ч Торресийн оронд гарч ирсэн Лиорент чөлөөт цохилтоос ирсэн бөмбөгийг мөргөж гоолдсоноор тооны харьцааг 2-0 болгож улмаар үүнээс хойш гоол ороогүй..

Тоглолтын хувьд довтолгоонд сүүлийн үед ПЛ-д амжилттай тоглож байгаа Астон Виллагийн 2 гарсан ч нэг л болж өгсөнгүй.. довтлох боломж ч цөөхөн гарсан.. Төвийн шугамд Испаничууд илүү байсан учир тоглолт ч сайн гарч өгөөгүй..Миний бодлоор анхнаасаа Лампард Барри, Кэррик 2 ийн нэгтэй хамт гарсан бол арай дээр байх байсан байж магадгүй.. Бас Даунинг нэг л болж өгөхгүй байлаа.. Тэгсэн ч Капелло түүнд их итгэл үзүүлдэг бололтой..
Английн тоглолт болгоны дараа гоочлуулдаг хаалгачын асуудал энэ удаа ч бас тойрсонгүй.. Одоо Жеймс нтрийн оронд Жое Хартаа тоглуулаад дараагийн дэлхийн аваргадаа бэлдэж байвал таарна..

За тэгээд нөхөрсөг тоглолт байсан юм байна гээ л гайгүй өнгөрхөөс.. Капелло бас нэг юм бодож л байгаа байлгүй дээ...

Tuesday, November 25, 2008

Стивен Жеррард /цуврал хэсэг 6/

Стивен Жеррард

Айронсайдын 10 дугаар байшингийн эзэн нь мэдээж аав. Энэ гэрт аавын үг хууль ч тэр хэзээ ч дарангуйлагч байгаагүй. Пол, бид хоёр хэзээ ч эцэг, эхээсээ айн зүрхшээж байгаагүй юм. Заримдаа бид тэдэнд илүү их эрхлэхийг хүсч нялхардагсан. Пол, бид хоёр эцэг, эхээ маш их хүндэтгэн дээдэлдэг. Манайх гэдэг маш дотно, нягт гэр бүл. Өглөөний цайгаа хамт ууж, орой бүр хамт суун зурагт үзэх юм уу, чалчицгаана. Ах, бид хоёр эцэг, эхээсээ илүү их хайр, энэрлийг нэхэх эрхгүй билээ. Ээж маань тун зарчимч эмэгтэй. Хэзээ ч Айронсайдын 10 дугаар байшинд өлсгөлөн нүүрлэдэггүй байсан. Жеррардынхан үргэлж ширээ дүүрэн суудаг байв. Хааяа ах бид хоёр ээжээс мөнгө гуйхад татгалздаг. "Аяга дүүрэн, гэдэс цатгалан байхын тулд л ингэж байгаа хэрэг шүү. Эн тэргүүнд тавигдах ёстой асуудал энэ биз дээ" гэж тэр хэлдэг байв. Бид ширээ тойрч суугаад бие биедээ жигнэмэг, ундыг нь дөхүүлэн цайлдагсан. Ээж "Та нар өмнөө байгаа зүйлээ идэж дуусахаас нааш хаа*a* ч явахгүй шүү" гэж анхааруулна.

Тэр үед мөнгөний үнэ цэнэ их байсан. Баярын өдрүүд дэндүү хол зайтай мэт санагдан, хурдхан баяр болоосой гэж мөрөөддөг байв. Бид жил бүр баяраар Скегнесс¹ дэх Батлин² руу юм уу, Девоны³ соёл, амралтын хүрээлэнд очно. Тэнд манай авга, нагац нар хүүхдүүдээ дагуулан очиж, асрагч эх, өвөө хоёр ч хааяа хамт явдаг. Бүх л гэр бүлээрээ баяр тэмдэглэдэг байв. Үнэхээр гайхалтай аялал. Энэхүү аяллын тухай бодол олон сарын турш толгойд минь хадаастай байдаг байв. Ээж энэ амралтыг эртнээс төлөвлөн, өвлийн турш мөнгөө хуримтлуулдаг байсан. Ээж энэ аялал гэр бүлд маань, ялангуяа Пол, бид хоёрт ямар чухал, хүсэн хүлээдэг зүйл нь вэ гэдгийг мэддэг. Хааяа ах, бид хоёрын аз таарвал найзуудаа-саа дагуулж явна. Би Полд тэр азтай зочныг сонгоход нь тусалдаг байв. Надад бол өөрөөсөө ах хүүхдүүдтэй хөл бөмбөг тоглож хөгжил-дөх нь л чухал. Скегнесст үнэхээр гайхалтай амралт болдог байсан.

Нэгэн удаа аав Линкольнширийн эрэг рүү явж байх замдаа надаас "Хүү минь, чи хөл бөмбөгийн сургуульд ормоор байна уу?" гэж асуулаа. Ямар хүсэл зорилготой буйг минь магадлаж байгаа нь тэр. Батлинд очоод эрэг дээр шаварт хутгалдан гүйж, бөмбөгөөр харилцаж тоглон, усан гулгуураар нисэх мэт хурдтай уруудаж байхад "Хэзээ би хөл бөмбөгийн сургуульд орж болох бол?" гэсэн бодол л толгойд эргэлдэж байв. Картингийн машин жолоодоод Полыг нэхэж байхад хүртэл хөл бөмбөгийн сургуулийн тухай бодсоор байсан. Тэгээд аав дээр очоод "Одоо явж болох болов уу?" гэж асуув. "Хүү минь, чи л шийднэ шүү дээ. Явж бололгүй яах вэ" гэлээ. Скегнесс дэх амралт үнэхээр зугаатай байлаа. Үдэш болоход бид нэгэн клубт очиж хамтлаг, дуучдын тоглолтыг сонирхоод караокед орж дуулцгаав. Маргааш өглөө нь би эрт сэрээд "Би хэзээнээс хөл бөмбөгийн сургуульд явж эхлэх вэ?" гэж аав, ээжээсээ асуув. Одоо бол Скегнесст нөгөө ертөнцөд буй мэт мэдрэмж төрөх болжээ. Аав, Пол, бид гурав үргэлж л хөл бөмбөгийн тухай ярилцана.

Аав "Ливерпуль"-ийн тухай маш сайн мэддэг, энэ багийн үнэнч хөгжөөн дэмжигч. Тэр надад "Ливерпуль"-ийн тоглолтын бичлэг авч өгөн, бид хамт үздэг байв. Нижигнэсэн алга ташилтын дор цэнгэлдэхэд орж ирэх Грэм Соунесс4 эсрэг багийнхнаа тоомжиргүйхэн харах Алан Хансен5, довтолгооны шугамд гялалзах Кенни Далглиш6 бичлэгт гарна. Нэг өдөр аав Далглишийн маш том зурагт хуу-дас авчирлаа. Шатаар өгсөн миний өрөөнд орж ирээд "Кенни Далглиш бол "Ливерпуль"-ийн бүх цаг үеийн хамгийн аугаа тоглогч" гээд надад тэр зургийг өгөв. "Тэр бол жинхэнэ эр хүн шүү. Алив, зургийг нь хананд чинь наагаад өгье" хэмээн нэмж хэллээ. Далглишийн зураг миний өрөөнд хэдэн жилийн турш өлгөөтэй байж билээ. Яг л бурхан шүтээн шиг байдагсан. Зургаа, долоотой байхдаа "Хаан" Кенниг "Энфильд"-д амьдаар нь харах боломж олдож байв. Одоо бол түүний тоглолтын хувцас миний шагналын өрөөнд хүндтэй байр эзлэн байдаг. Би "Энфильд"-д Кенни болон Иан Раш, Жон Барнес, Стив Макмахон нарт илбэдүүлсэн юм шиг л тоглолтод бүрэн уусан шингэдэг байв. Тэд бол үнэхээр агуу тоглогчид. Сэтгэлд хамгийн тодоор үлдсэн дурсамжаасаа хуваалцъя. 1989 онд "Арсенал"-ын Майкл Томас сүүлчийн минутад манай хаалганд гоол хийн, "Ливерпуль"-ийн хөгжөөн дэмжигчдийн зүрхэнд хутга *a*х мэт болсон тэр мөчид би "Энфильд"-д байсан. Тэр гоолоос болж бид лигийн түрүүг авч чадаагүй юм. Харин дараа жил нь Хансен аваргын цомыг өргөөд зогсож байхад нь би мөн л тэнд үзсэн. "Энфильд"-д аваргын цомыг буцаан авчирсан Хансеныг маш их бишрэн шүтэж байсан юм. Тэр бол үнэхээр гайхалтай мөч.

Би дөнгөж наймтай байхдаа л "Ливерпуль"-д бэлтгэл хийж эхэлсэн. Ингэснээр би жинхэнэ "Копите"7 болсон юм. Үүнээс өмнө бол би хэнийг дэмжихээ мэддэггүй байлаа. Нэг долоо хоногт нь "Гудисон Парк"-т очиж, дараагийнхад "Ливерпуль"-ийн хөгжөөн дэмжигчидтэй мөр зэрэгцэн зогсдог байв. Энэ үед би зөвхөн хөл бөмбөг үзэхийн төлөө л явдаг байсан. Бусад хүмүүсийн хувьд бол тийм биш. Аав л гэхэд "Улаанууд"-ын төлөө үхэхээс буцахгүй нэгэн. Тэр яг шашны дуу дуулж байгаа юм шиг "Ливерпуль, Ливерпуль, Ливерпуль" хэмээн уянгалуулж, бөмбөрддөг байв. Мерсисайдын маш олон гэр бүл дотроо өөр өөр багийг дэмждэг гишүүдтэй. Жишээ нь, ээжийн ах Лесли "Эвертон"-ы дэмжигч. Тэр тус багийн тоглолтын тасалбарыг улирлаар нь худалдан авч, хувцас, ороолт, туг гээд иж бүрэн хэрэглэлээр гангарна. Лесли намайг "Цэнхэрүүд" ийг дэм жигч болгохын тулд тоглолтоос буцаж ирэх бүртээ надад "Эвертон"-ы хувцас авчирдаг байж билээ.

Интернэтээр миний балчир үеийн зургийг хайвал "Эвертон" ы хувцсаар гангарсан фото олдоно. Цэнхэр цамц, богино өмд, оймстой. Намайг "Ливерпуль"-тэй гэрээ байгуулах үед "Эвертон"-ы дэмжигчид тэр зургийг минь хаанаас ч юм олж аваад хэвлэн тарааж байлаа. Энэхүү үйлдэлд нь би талархаж явдаг юм. Намайг "Ливерпуль" д алдаршиж эхлэхэд "Миррор" сонин тэр зургийг нүүрэндээ гаргаж байв. Үүнээс болж чамгүй том асуудал үүссэн билээ. Энэ зураг жинхэнэ үү, үгүй юу гээд л. Олон хүн үүнийг эвлүүлэг гэж бодсон байх. Гэхдээ энэ жинхэнэ зураг байсан. Энэ бол 1987 онд авахуулсан зураг юм. "Эвертон"-ы дэмжигч мэт гарсан уг зураг дээр би энэ багийг шүтэж биширсэндээ тэр хувцсыг өмсөөгүй. Лесли намайг зургаатай байхад тэр хувцсыг авч өгсөн бөгөөд хааяа намайг "Гудисон Парк" руу дагуулж явдаг байсан. Би нэг удаа сугалаанд хожиж, лигийн аваргын болон "Chanty Shield''-ийн цомны дэргэд зургаа авахуулах боломж олдсон. Үүнд Лесли нагац маш их баярлаж байв. Тэр үүгээрээ ааваас минь давж гаран, намайг урвуулна гэж бодсон байх. "Гудисон Парк"-ын шагналын өрөөнд "Эвертон"-ы хувцас өмсөөд баяр хөөртэй зогсох хүүгийнхээ зургийг хараад аав маш их уурласан. Аав Лесли нагацад хандан "Дахиж хүүгээ чамтай явуулахгүй" гэж хэлэв.
Image
Тэгээд над руу харан "Чи дахиж тийшээ явахгүй шүү" гэж зандарлаа. Гэхдээ бүх зүйл болоод өнгөрсөн шүү дээ. Би тэр үед дөнгөж долоотой байсан бөгөөд хөл бөмбөгт л ухаангүй дуртай байснаас "Эвергон", "Ливерпуль"-ийн хооронд тийм өрсөлдөөн өрнөдгийг мэдээгүй юм. Тухайн үедээ ямар алдаа гаргаснаа би ойлгоогүй. Лесли Айронсайдад ирэхдээ "Эвертон"-ы шинэ хувцас заавал авчирна. Үүнд нь сэтгэл хөдөлж, баярлан аавыг эзгүйчлэн Леслиг дагаж яваад дараа нь дандаа загнуулдаг байв. Аав миний энэ үйлдэлд үнэхээр дургүй. Лесли намайг "Гудисон Парк"-ын шагналын өрөө рүү дагуулан очиж, зурагчин хөтөлж авчраад тэр зургийг авахуулсан юм. Бүх л зүрх сэтгэл минь "Ливерпуль"-ийн төлөө чиглэх болсон энэ цаг үед тэрхүү мөчийг эргэн дурсахад би ямар дэмий зүйл хийснээ ойлгодог. Энэ бол гэнэн багын хэрэг. Бид бүгдээрээ л алдаа хийдэг шүү дээ.

Одоо "Эвертон", "Ливерпуль"-ийн аль нь ч бай, өөр багийнх ч байсан хамаагүй, хөл бөмбөгийн хув-цас л олдвол тэр миний баяр баясгалан. Тоглолтын хувцас цуглуулах нь миний хобби болсон. Зул сарын баяр, төрсөн өдрөөрөө би олон хувцастай болдог. Хэрэв өөрт минь байхгүй хувцас бэлгэнд ирвэл маш их баярлан хөөрнө. Аав, ээж маань надад ямар клубийн хувцас байгаа, ямар байхгүйг сайн мэддэг. Миний цуглуулга мэдээж "Ливерпуль", "Эвертон"-ыхоор эхэлсэн. Дараа нь "Тоттенхэм", "Манчестер Сити"-гийн хувцастай болж байлаа.
Онцлох тэмдэг бүхий номын хуудас бүрийг нь нямбайлан үзнэ. Хуудас бүрийг нь шалгаад бүх хувцсыг өмсөж үздэг байв. Тэгээд "Ээж ээ, би "Тоттенхэм"-ийн шинэ хувцсыг авмаар байна" гээд гуйна. Спорт барааны дэлгүүрийн каталог ном миний хүслээ гүйцэлдүүлэх ганц арга байгаагүй. "Match of the Day"-r үзээд нүдэнд туссан хувцсанд мөн санаархана. Цуглуулгаа арвижуулах гэсэн бодол толгойноос салахгүй. Хэрэв бүтэн сайны орой "Тоттенхэм"-"Эвертон"-ы тоглолт зурагтаар гарвал дууссаных нь дараа аль нь ч хожсон байсан хүүхдүүдэд би энэ тоглолтыг үзсэн шүү гэдгээ мэдрүүлэ-хийн тулд "Спэрс"-ийн хувцасыг өмсөөд гудамжинд гардаг байв. Зурагтаар үзсэн оддын нэр миний нуруун дээр байхад би маш дуртай.

Би "Эвертон"-ы хаалгач Невилл Саутхолын хувцсанд хамгийн дуртай. Би Саутхолын үйлдэл бүрийг дууриана. Оймсоо доош нь шуугаад шилбэний хамгаалалтаа ил гаргачихна. "Том" Нев маш гоё пүүз өмсөх ба би ээж, ааваасаа яг тиймийг авч өгөхийг шалдаг байв. Би Саутхолын үнэнч дэмжигч нь байсан. Хааяа гудамжинд тоглохдоо түүний хаалгачийн хувцсыг өмсөөд яг л Невилл Саутхол болсон мэт санагдан, зоригтой, гайхамшигт хаалтуудыг нь хийхийг хичээн зүлгэн дээр унадаг байв. Миний хөлбөмбөгт дурлаж, энэ замаар замнасанд түүний нөлөө багагүй бий. "Панини"8-гийн наалтан дундаас Невилл Саутхолын зургийг олчихоод яг л цом өргөж яваа мэт толгой дээрээ барин Айронсайдаар алхаж байснаа би мартдаггүй.
Хөл бөмбөгчдийн зургийн наалт, хувцас, тоглолт үзэхээр явах, энэ бүхэн миний хөл бөмбөгийн амьдралын салшгүй хэсэг. Гэх-дээ би "Ливерпуль"-д л хамгаас илүү хайртай.

Үргэлжлэл нь дараагийн дугаарт

1-Линкольншир гунлигийн зүүн зэхад, далайн эрэгдээр байдаг хот
2-Сэр хэргэмт Билли Батлиний байгуулсан гэр бүлийн амралтын газрын сүлжээний нэр
3-Английн баруун өмнөд хэсэгт орших хот
4-1991-1994 онд "Ливерпуль"-ийг дасгалжуулж байв. Урьд нь 1978-84ондэнэ багт тоглож байжээ
5-1977-1991 онд 'Ливерпуль''д тоглосон
6-1977-1990 онд "Ливерпуль "-д тоглосон
7-"Ливерпуль"-ийн хөгжөөн дэмжигчдийг ингэж нэрлэдэг
8-"Панини Комикс" хэмээх ном, наалт үйлдвэрлэгч том компанийн нэр

Стивен Жеррард /цуврал хэсэг 5/

Стивен Жеррард /цуврал хэсэг 5/


II БҮЛЭГ

Ухаажин томоожсон өсвөр нас минь

Би хичээлээ тасалж огт үзээгүй. Манай гэрийнхэн ч үүнийг байж болшгүй зүйл гэж үздэг. Хичээлээс завсардах нь тамхинд татагдах, мөнгөө буруу зүйлд үр ашиггүй үрэх зэрэг сөрөг талтай билээ. Намайг хааяа нэг болчимгүй зүйл хийхэд аав маань чих зөөлөн мушгихаас хэтэрдэггүй байв. Тэр хэзээ ч намайг зодож, цохиж байсангүй. Аавын үзэл, бодлоо илэрхийлэх арга нь бусдаас өөр. Түүний харц нь хамаг биеийг минь нэвт сүлбэх мэт болдог байж билээ. Би ямар нэгэн буруу зүйл хийгээд ингэж зогсохдоо бидний дотно харилцаа үүгээр тасалбар болох вий гэдэгт хамгаас илүү эмээдэг байлаа. Аав Пол ах, бид хоёрт хэзээ ч хүч хэрэглэж, чанга дуугаар загнадаггүй. Бидний гэм буруугаас Айронсайдад цагдаа, хууль сахиулагч ирэхийг тэр тэвчихгүй. Цөөнгүй хүн ах, бид хоёрыг цонхыг нь хагалсан гэж ховлохоор хаалгыг нүдэж байсан. Харин бид цагдаа, сэргийлэхэд хүрэхээр хэрэг тарьж байгаагүй.

Би нэг удаа маш том алдаа гаргасан. Ганцхан удаа л. Би хулгай хийгээд баригдчихсан юм. Би нэг найзтайгаа Ливерпулийн төвөөр хэсүүчлэн яваад "Woolies" их дэлгүүрт тэр хэрэгт орооцолдсон. Тэгэхэд бид хоёул 11 настай байсан. Бид хоёр Лайм Стрит* орж түргэн хоолны газарт хооллоод буцахад хангалттай мөнгөтэй байсан. Гэвч би тэр мөнгөөр хичээлдээ хэрэглэх хүснэгттэй цаас, үзэг зэрэг хичээлийн хэрэгсэл авах ёстой байв.

Бид "Woolies"-т очихоор шийдлээ. Дэлгүүрт ороод бүх тасгаар нь тэнэж, эцэст нь хэдэн үзэг авч халаасандаа хийгээд цаасаа хувцсан дотроо нуув. Тэгээд шууд л хаалга руу зүглэлээ. Ажиллагаа төлөвлөгөөний дагуу болж байв. Гайхалтай. Лайм Стритэд гамбургер идэж, кока-кола уух мөнгө халаасанд мэдрэгдэнэ. Дэлгүүрээс гарч явган хүний замд хүрлээ. Гүйцээ, одоо гүйцгээе.

Гэвч араас хэн нэгэн хашгирлаа. "Хөөе" гэхийг сонсоод хамаг цус хөлдчих шиг болов. "Зогсоцгоо!". Чөтгөр аваг, "Woolies"-ийн хамгаалалтын ажилтан байна. Бид айснаасаа болоод байрнаасаа хөдөлж чадахгүй зогсоно. Хамгаалагч биднийг шууд л заамдан чирлээ. Энэ бол миний амьдралд тохиосон хамгийн таагүй өдөр. Миний зүрх түжигнэн цохилж, толгойд есөн шидийн бодол эргэлдэнэ. "Миний хөлбөмбөгчин болох хөг өнгөрлөө, "Ливерпуль" одоо намайг хөөх байх даа. Аав ч гэсэн. Чөтгөр, яах гэж би үүнийг хийв ээ?" гэж бодон явав.

Хамгаалагч биднийг дэлгүүр лүү авч ороод өрөөндөө оруулан хулгайлсан хичээлийн хэрэгслийг нэгжин авав. Тэр маш ширүүн харьцаж байлаа. "Аль сургуулийнх вэ, та хоёр?" гэж хашгирав. "Гэр чинь хаана байдаг вэ? Алив утасны дугаараа өг" гэж загналаа. Толгой эргэж, юу гэж хэлэхээ мэдэхгүй зогсож байв. Өөрийн мэдэлгүй "Манайд утас байхгүй" гэж худлаа хэллээ. Хамгаалагч улам уурлан царай нь минчийн улайв. "Тэгвэл гэрийнхээ хаягийг хэл" гэж тэр шаардлаа. Би Айронсайдын талаар дурсмааргүй байв. Аавыг мэдчихвий гэхээс яс хавталзана. Яах вэ гэж эргэлзэн бодсоор. Хамгаалагч дахин гэрийн хаяг шалгаахад нь нагац эгчийнхийгээ заагаад өгчихөв. Тэр миний хэлснийг тэмдэглэж аваад биднийг "Woolies"-ээс хөөн гаргалаа.

Элдвийг бодон Лайм Стрит рүү гүйв. "Дэлгүүрээс сургууль руу утасдаж, тэгээд аавд хэлнэ. Одоо би шоронд орж, насаараа хөлбөмбөг тоглож чадахгүй нь. Новш гэж". Би Хюйтонд хүрч галт тэрэгнээс буусан ч Айронсайдыг зүглэж чадсангүй. "Аав намайг хулгай хийсэн гэж гарцаагүй алах болно" гэж бодов. Гэртээ шууд харихаас зүрхшээн нагац эгч Линнийд очлоо. Линн эгч намайг г эртээ оруулаад болсон явдлын талаар сонсов. Би ярьж дуусаад "Хамт манайд очъё" гэж түүнээс гуйлаа.

Линн эгч надтай хамт манайд очиж, мадад ямар хэцүү байгааг аавд тайлбарлав. Гэвч оройтжээ. Аав миний дэлгүүрт тарьсан хэргийг хэдийнэ мэдчихэж.

Муу мэдээ ч хурдан тархах юм аа. Яг л бодож байснаар "Woolies" дэлгүүрээс Сент-Мик сургууль руу ярьж, тэндээс аавд хэлсэн байна. Аав их уурлажээ. Намайг угачин гэрт оруулав. Би "Одоо ч алж өгөх байх даа" гэж бодов. Тэр намайг цоо ширтэн хэсэг зогслоо. "Чи яах гэж ийм юм хийв?" гэж асуув. "Яагаад хулгай хийж байгаа юм бэ? Яагаад мөнгийг нь төлөөгүй юм? Тэр зүйл чинь тийм хэрэгтэй байсан юм бол яагаад ээж, бид хоёроосоо мөнгө аваагүй юм? Яагаад, яагаад?". Асуултаа ар араас нь тавьсаар, "Бид манай гэрт хулгайч байхыг тэвчихгүй. Сургууль чинь ч чамайг хүлээж авахгүй байх. Тэд чамайг яагаад юм хумсалсныг мэдмээр байна гэсэн", Болдогсон бол цаг хугацааг ухрааж Лайм Стритэд буцаж очоод тэр мөчийг залруулахсан. Гэвч бүх зүйл болоод өнгөрсөн. "Аав". Би тайлбарлахыг хичээв. "Аав, хэрвээ сургуулиас намайг "яагаад ингэсэн бэ" гэвэл би "гэрийн даалгавараа хийх гээд" гэж хэлчихье. Би амттан биш, хичээлийн хэрэгсэл авсан шүү дээ. Хүснэгттэй цаас авсан" гэлээ. Аав над руу харснаа "Тэр чинь надад хамаагүй" хэмээв. Энэ үг надад том цохилт боллоо. Энэ байдлаас гарахад надад юу ч тус болохоос өнгөрчээ. Аавын дараагийн үг бүр хүчтэй, аймшигтай байв. "Хэрвээ болсон явдлын талаар "Ливерпуль" мэдвэл чиний асуудал бур хэцүүднэ дээ, Стивен". Тэр "Стив Хейвэй чамайг яаж үнэлдэг билээ? Чи "Ливерпүль" дэх бүх зүйлээ үгүй хийлээ дээ. Тэд одоо чамайг багаасаа хөөх нь гарцаагүй" гэж үргэлжлүүлэн хэлэв. Эдгээр үг миний сэтгэл дэх хүсэл мөрөөдлийн бөмбөгийг хагалах мэт боллоо. Би яг тэгж мэдэрсэн. Би аавдаа хайртай. Ингэж хэлснийх нь төлөө би түүнийг үзэн ядаж Байв. Би "Ливерпуль"-д үнэн голоосоо хайртай. Баг маань намайг хөөнө гэдэг аймшигтай зүйл.

Хөлбөмбөг гэдэг бол миний хүсэл, мөрөөдлийн оргил билээ. "Би яах гэж хулгай хийв ээ? Бурхан минь, юу болчихов?" Хулгай гэдэг байж болошгүй зүйл. Надад мөнгө байсан, хэрэв мөнгөгүй бол яах байсан бол. Эцэг, эх маань ах бид хоёрт "Та нар хулгай хийж болохгүй. Хэрэв та нарт ямар нэг зүйл хэрэгтэй бол худал, хуурмагаар түүндээ хүрч хэрхэвч болохгүй" гэж үргэлж захидаг байсан. Усан тэнэг би аав, ээжийнхээ үгийг үл хэрэгсэн хулгай хийгээд үр уршгийг нь ингээд биеэрээ амсаж байна. Аав намайг загнаж байхад ээж үүдэнд зогсон аавын хэлэхийг сонсон намайг ажиглаж байв. Ээж аавын хэлсэн бүхнийг хүлээн зөвшөөрч, түүний талд байсан ч надад ямар хүнд байгааг мэдэрч, аавд ойлгуулахыг хүсч байлаа. Ах, бид хоёр ээжийн хайртай хөвгүүд, Тэр биднийг үргэлж өмгөөлдөг. Би ээждээ дандаа эрхэлнэ. Хэрэв ээж намайг загнавал "Аан, ээж яагаад загнаад байгаа юм бэ?" гээд нялхарна. Тэгэхээр ээжийн нүүрэнд инээмсэглэл тодорч тэвэрдэгсэн. Гэхдээ ээж бидний алдааг өөгшүүлдэггүй. Тэр "Woolies"-т болсон явдалд ааваас дутахгүй уурласан нь тодорхой. Гэвч тэр аавтай зэрэгцэн загнаагүй.

Ихэнх хүүхэд хулгай хийх, тамхи татах зэрэг болчимгүй зүйл хийснийхээ төлөө аавдаа суран бүсээр ороолгуулдаг байх.

"Woolies" дэлгүүрт надтай хамт очсон найз маань л лав хэдэн өдөр гэрээсээ гарахааргүй болж байсан. Харин миний аав, ээж хоёр бидэнд огт өөрөөр ойлгуулдаг, Тэгэхэд аав намайг өрөөнд маань түгжээд гурван хоног гаргаагүй. Энэ нь надад яг л хагас жил шиг удаан санагдаж билээ.

Пол намайг өрөвдөх нь битгий хэл тохуурхаж байв. Түүний өрөө минийхтэй харалдаа. Ах өрөөндөө хоригдсоныг минь тавлан инээнэ. Хаалгыг маань аяархан тогшоод "Стиви, би гадагшаа гарлаа. Тэнд ч гоё байна даа. Чи гарахгүй юм уу?" гэж шивнэнэ. Намайг яаж ч чадахгүй болохоор уурыг минь хүргэж байгаа нь тэр. "Компьютер шатны хажууд байгаа шүү. Гоё тоглоом тогломоор байгаа биз дээ" гэж хаалганы цаанаас хэлээд гүйн одно. Өрөөнөөсөө гарч чадахгүйг минь мэдсээр байж. Энэ бүхэн намайг хэсэг хэсгээр нь огтолж байгаа мэт аймшигтай байлаа. Пол гадаа гарч, хөлбөмбөг тоглох нь сонсогдоно. Тэр "Хөвгүүд ээ, гараад ир. Хөлбөмбөг тоглоё" хэмээн Айронсайдын хүүхдүүдийг уриалан хашгирна. Энэ нь надад маш хүнд эрүүдэн шүүлт байсан. Хүүхдүүдийн хашгиралдаан, гоол хийж, хожсоны дараа баярлан хөөрч буй чимээг сонсоод уйлчихдаг байж билээ. Миний өрөө яг талбай руу харсан цонхтой. Найзууд маань "Стиви, Стиви, энэ үнэхээр гоё тоглолт болж байна. Чи үүнд оролцож чадахгүй нь тун харамсалтай" хэмээн хашгирцгаана. Энэ үгийнх нь араас даажин хийсэн инээд сонсогдоно. "Миний найзууд, төрсөн ах маань. Тэд намайг сонсож байгааг мэдэж л байгаа. Энэ нь надад ямар хэцүү болохыг ч мэднэ. Гэтэл ингэж байдаг" гэсэн гоморхсон бодол төрөв. Тэднийг намайг дуудаж хашгирахаа болиход нь цонхоор сэмхэн тоглохыг нь харж, атаархан зогсдог. Би хийсэн хэргийнхээ төлөө ингэж хоригдон ганцаардаж байв. Үнэндээ энэ явдлаас хойш би хэн нэгний нөлөөнд авталгүй өөрийгөө хэвийн авч явж чаддаг болсон. Найзууд маань дэлгүүр болон агуулахаас амттан, ундаа хулгайлахад нь би харж л байсан. Би тэдэнтэй хамт байсан ч тэр хэрэгт нь хуруугаа ч дүрдэггүй байв. Сургууль дээр хөлбөмбөг тоглож байхад найзууд маань халааснаасаа тамхи гаргаж ирнэ. Тэгээд хүмүүсийн нүдэн дээр тоосон янзгүй асаагаад л баагиулцгаана. Томчуулаас санаа зовно гэж байхгүй. Зарим нэг нь гудамжаар сэлгүүцэх санал гаргахад би нэг газраа юм ярьж суусан нь дээр гэнэ. Хэрэн тэнэх нь муу зүйлд татагдах магадлалыг ихэсгэж буй хэрэг билээ. Аав маань зөв замд хөтөлсөн нь завшаантай. Түүний заавар, зөвлөгөөгүйгээр би өдий зэрэгт хүрэхгүй байсан.

* - Ливерпулийн төв дэх галт тэрэгний буудал, том үйлчилгээний төвүүдтэй гудамж

Үргэлжлэл бий.

Friday, November 21, 2008

Жеррард "Миний намтар" 4-р хэсэг

Жеррард "Миний намтар" 4-р хэсэг

Photobucket
Аав, ээжийн найзууд нь аавыг сайн тоглогч байсныг ярьдаг. "Үнэхээр тийм гэж үү?" хэмээн намайг асуухад аав "Чиний энэ авьяас хэнээс өвлөгдсөн болохыг одоо ойлгов уу. Стивен" гээд инээж байлаа. Тэр "Астротурф" гэдэг багт тоглож байгаад өвдөгтөө гэмтэл авснаар хөлбөмбөгийг орхисон юм билээ. Давын ах Тони бас авьяаслаг хөлбөмбөгчин. Тэр "Хюйтон Бойз" гэдэг багт тоглодог байсан аж. Ахлах сургуульд байхдаа л мэргэжлийн хөлбөмбөгч болох чадвартай байсан гэдэг. Манай гэр бүлд хөлбөмбөг маш том байр суурь эзэлдэг. Миний үеэлүүдийн олонх нь Айронсайдад хөлбөмбөг тоглож өссөн, Тэдний нэг Энтони Жеррард "Эвертон”-д тоглож байгаад "Гудисон Парк"-ын баг түүнийг "Уолсол”-д зарсан. Бүтэн сайны лиг болоход тэнд энэ мэтчилэн манай үеэл хамаатнуудаар дүүрдэг байв.

Амралтын өдрүүдэд "Энфильд" болон "Гудисон Парк" их хөлийн газар болдог. Энэ өдрүүдэд манай хамаатнууд болон надтай холбоотой хэний ч гэрээр орсон хөлбөмбөгөөр амьсгалж байх болно. Цэнгэлдэх рүү яваагүй нь зурагтынхаа өмнөөс салахгүй. Буйдан дээрээ тухлаад ганц, хоёр лонх шар айраг шимэн тоглолт үзэх үнэхээр сайхан. Бямба гаригт аав уушийн газарт очих нь олон ч "ВВС"-гийн "Маtch of the Day" нэвтрүүлгээс өмнө заавал эргэж ирдэг. Ах бид хоёр ч гэсэн тоглоомоо орхин гэртээ гүйж ирээд аавтайгаа буйдандээр чихэлдэн сууж уг нэвтрүүлгийг хамт үздэг байлаа. Жеррардууд хэзээ ч "Маtch oh the Day"-г алгасаж байсангүй Огт үгүй. Энэ бол долоо хоногийн оргил мөч юм.

Айронсайдын 10 дугаар байшинд хөлбөмбөгийн дүрэм үйлчилдэг. Хөлбөмбөг гарч байхад "Coronation Street"*, "ЕаstЕnders"**-ийн орон зай байхгүй. Хэрэв ээж маань савангийн дуурь үзэхийг хүсвэл аав тэр хоёрын дунд чамгүй хурц зөрчил үүсдэг байв. Хааяа аав ах бид хоёрыг дагуулан том дэлгэцээр хөлбөмбөг үзэх юм уу дартс тоглохоор явдаг. Харамсалтай нь энэ маш хурдан болоод өнгөрдөг байв. Оройны 6.00 цаг гэхэд бидний бүх хөгжөөн наргиан өндөрлөж бид гэрийн зүг гэлдэрдэг. Маргааш өглөө нь сургууль яг л нартай өдөр гэнэт бараан үүл нөмөрч байгаа мэт санагдан, сүүмэлзэн харагддаг байлаа.

Би ням гаригийн оройд үнэхээр дургүй. Амралтын өдрүүдийн тэр сайхан мөчүүд гайхалтай дурсамжаа таягдан хаяж сургуульдаа явах бэлтгэлээ хангах нь миний хувьд асар хүнд эрүүдэн шүүлт байсан. Хүмүүс амралтын өдрийг долоо хоногийн сүүлчийн хоёр өдөр гэдгийг сайн мэднэ. Харин Айронсайдын 10 дугаар байшинд бол ийм ойлголт байгаагүй. Энэ дүрмийг ээж маань гаргасан. Түүнийхээр бол амралтын өдрийн үргэлжлэх хугацаа нь нэг хоног хагас л байна. Ээж ах, бид хоёрыг ням гаригийн орой 6.00 цаг гэхэд гэртээ ирж, усанд орж маргааш өглөөнийхөө хичээлийн бэлтгэлийг хангахыг шаарддаг байлаа. Биднийг тогтсон хугацаанд гэртээ ирэхэд толийтол индүүдсэн сурагчийн дүрэмт хувцас хэдийнэ бэлэн болсон байдаг. Дүрэмт хувцсаа хараад миний дур гутдаг. Амралтын өдрүүдийн эрх чөлөөт цаг өндөрлөж буйг сануулах тэр форм надад яг л шоронгийн хувцас шиг санагддаг байж билээ. Энэ бол сургуульдаа явахыг үзэн яддаг байсан хэрэг биш, зүгээр л хагас, бүтэн сайнд Блюбэл орчимд хэсэх дуртай байв. Ээж Пол ахаас илүүтэй миний хичээлд анхаарна. Тэр биднийг ямар ч толбогүй, үрчлээгүй хувцсаар гангалдаг байсан. Гутлыг маань нүүрнийхээ хувирлыг харж болохоор гялалзтал тосолчихно. Муухай ээж! Тэр үргэлжид ийм байсан. Би гэрээсээ цэвэр хувцастай гараад заавал бохир, заваан болж ирдэг байлаа. Шаварт хутгалдан бохирдсон гуталтай гэртээ орно. Ээж ташаагаа тулан ууртай угтдагсан.

Миний сургуульдаа явах замд онц сонин зүйл үгүй. Сургуульдаа хүрэх үед харин тоглолтын талбайд залгуулаад байшин барьсан юм шиг л харагддаг байж билээ. Хэдий гэртэй минь ойрхон ч гэсэн ээж намайг үргэлж сургуульд хүргэж өгч, авдаг байв. Би багадаа хэн нэгэнд хор хөнөөл учруулахгүй ч бас ч үгүй сахилгагүй хүүхэд байсан. Үүнээсээ ч болж багш нараас шийтгэл хүлээн, хана харж зогсдог байв.

Хичээл орох үед бие минь ангид байвч санаа сэтгэл маань хэдийнэ биеийн тамирын талбайд оччихсон тоглож байдаг байлаа. Чамгүй удаан үргэлжлэх үдийн цайны цагт би дуртай. Үнэт цагаас минь хороох учир энэ үед халуун хоолоос татгалздаг байв. Бага сага хуурай идэх юм авахаар дугаарлаж зогсохдоо "Алив талбай дээр хурдан цуглаарай, тоглоцгоое” гэж бусдыгаа уриална. Үүнээсээ болоод орой болгон ээждээ "Халуун хоол идэх ёстой шүү" гээд үглүүлдэг байв. "Хэрвээ сургуулийн хоолонд дургүй юм бол гэртээ гүйгээд ир л дээ" гэж ээж хэлнэ. Сүүлдээ ээж хавчуургатай талх, шоколад, уух юм савлан явуулдаг болов. Дээр нь багахан жимс хийдэг. Гэвч би жимсээ огт идэлгүй гэртээ буцаагаад аваачна. Алим. гадил, жүрж юу ч байсан адил. Цөцгийгөө ч мөн л тэр хэвээр нь гэртээ авчирна. Авч явсан юмаа хурдхан идээд тоглохоор яардаг учир тэр бүгдийг нямбайлан зооглох нь надад тохиромжгүй байсан. Ээж "Стиви, чи дахиад л цөцгийгөө идэлгүй үлдээжээ. Чи шоколад л идээд байгаа юм уу?”гэж асууна. Ээж надад үдийн хоолыг маш бага хугацаанд амжуулах ямар хэрэгтэй вэ гэдгийг ойлгодоггүй юм. Би их завсарлагаа болонгуут ангиас гараад талбай руу ээжийн савласан зуушийг үмхлэн гүйдэг байв. Айронсайдад найзууд маань тоглож байвал хөршийнхөө нохойнд хоолоо шидэж өгчихөөд л тоглодог байж билээ. Харин орой бол өлбөрч үхэх гэж байгаа амьтан гэртээ орж ирээд гарт тааралдсанаа үмхлэн иддэг байв.

Хичээл дээр би дэвтэртээ их л хичээнгүйлэн юм бичиж сууна. Багш нар хараад хичээлдээ их анхаарч байна даа гэсэн сэтгэгдэл төрөхөөр. Гэвч огт тийм байгаагүй. Би зүгээр л их завсарлагааныг хүлээн цаг нөхцөөн тэгж суудаг байв. Дэвтэрийнхээ ар талд цайны цагаар болох тоглолтон дээр хэнийг хаана тоглуулахаа тооцоолон тэгж нямбай бичиж суудаг байсан хэрэг. Хонх дуугарангуут үсэрч гараад хөвгүүдийг цуглуулан тоглолт зохион байгуулж. охидыг харин талбайг чөлөөлөхийг гуйна. Охидод хандан "Та нар талбайг чөлөөлнө үү, гэхдээ тоглолтыг үзэж болно шүү” гэж эелдгээр хүсдэг байлаа. Тэгээд цүнхээрээ талбайн хязгаар хаалгаа тэмдэглээд тоглож гарна даа. "Уэмбли”-д болдог FА Сuр-ын финалаас ч сонирхолтой тоглолт тэнд өрнөдөг байлаа. Бид бөмбөгний төлөө тэмцэлдэн, унасны улмаас нүүрэндээ шарх, сорвитой үлдэх нь цөөнгүй. Хожигдол гэдэг миний хувьд байж болшгүй зүйл. Энэ тоглолтод ялагчид бахархалтайгаар сүү ууцгаан, харин хожигдогсод хоосон лаазаа бариад анги руу явдаг байв.

Бэрри Банчис бид хоёр Сент Микийн сургуулийн урдаа барих тоглогчид нь байв. Харин сургууль дээрээ тоглоход бид үргэлж өрсөлдөгчид болно. Бид хоёр багийн тоглогчдоо ээлжилж сонгоод хүч шавхсан тоглолт хийдэг байлаа. Бэрри бол маш авъяаслаг тоглогч. Тэр "Денберн” -ий 13 хүртэлх насны багт тоглодог байсан. Тус багт түүнээс гадна Майкл Бранч, Тони Хибберт нарын сайн тоглогч багтдаг байв. Миний хувьд "Ливерпуль”-д орох хүртлээ "Денберн”-ий багт багахан хугацаанд тоглож. "Эжхиллийн хүүхдийн лиг"-т түрүүлэхэд нь хувь нэмрээ оруулж байлаа. Бэрри бид хоёр сургуулийнхаа шигшээгийн түлхүүр тоглогчид байлаа. Нэг жил бид Сент Микийн сургуулийн багийг орон нутгийн нэгэн тэмцээнд түрүүлүүлснээр манай баг "Уэмбли"-д тоглох эрхээр шагнуулсан. Үнэхээр гайхалтай шагнал. "Уэмбли”. Эртний түүхт энэ хуучин цэнгэлдэх хүрээлэнд тоглох эрх авчхаад бид тэнд болох мөчүүдийг хэдийнэ төсөөлөөд эхэлсэн байв. "Уэмбли". Үнэхээр мөрөөдөл минь биеллээ гэж үү? Нэг удаагийн тоглолт дээр би байнга хийдэг хамгаалалтаа хийн гулсан уналаа. Гэтэл ундааны бөглөөнд өвдгөө урчихлаа. Ердөө таван оёо тавиулсан ч энэ шарх “Уэмбли" рүү явах багийн бүрэлдэхүүнээс хасахад хангалттай байжээ. Нулимс өөрийн эрхгүй асгарав. Найзууд маань “Уэмбли"-д хөл тавихад би эмнэлгээс гарч байв. Өвдөг дээрх тэр сорви ямар ч зовиургүй болсон ч "Уэмбли" явах хүслийг минь боомилсныг үргэлж сануулдаг.

Сент Микийг орхих цаг ирлээ. Бага сургуулиас дунд сургуульд орно гэдэг хүндхэн сонголт хүлээж байлаа. Манай ангийнхны ихэнх нь Боурингийн ерөнхий боловсролын болон Ноусли ахлах сургууль руу явлаа. Пол Боурингт байсан учир би тийшээ явахыг хүссэн. Ахтайгаа хамт байх гэж тэр. Гэхдээ энэ хоёр сургуульд хөлбөмбөгийг чухалчилдаггүй нь миний хувьд асуудал байсан. Хүн болгон намайг хөлбөмбөгийн төлөө юугаа ч өгөхөөс буцахгүйг мэднэ. Дээр нь тоглогчийн ур чадвараа ахиулах нь ямар сургуульд орохоос ихээхэн шалтгаалах байв. Сент Мик сургуулийн маань багш хатагтай Чадвик надад Кардинал Хинэнд очихыг зөвлөсөн. Тэр "Тэнд очвол чи хөлбөмбөгтэйгөө илүү ойр байх болно" гэж хэлсэн.

"Кардинал Хинэн католик шашинтны ахлах сургуулийг би сайн мэднэ. Энэ бол орон нутагтаа шилдэгт тооцогдох хүчтэй багтай сургууль. Хатагтай Чадвикийн нөхөр Эрик Кардинал Хинэнд биеийн тамирын хичээлийн багшаар ажилладаг байсан. Тэгээд эхнэртээ "Стивен Жеррардыг манайд ир гэж ятга. Тэр Кардинал Хинэний төлөө ихийг хийх болно гэж хэлсэн юм билээ. Гэхдээ тэр сургуульд явах нь зарим нэгэнд хүндээр тусах байв. Блюбэл хорооллынхон тэр чигээрээ католик шашинтан биш. Гэхдээ энэ хэнд хамаатай юм бэ? Эцсийн эцэст хөлбөмбөг яллаа. Кардинал Хинэн намайг элсүүлэхийг хүссэн. Хөлбөмбөгийн ур чадварынхаа нөлөөгөөр.

хатагтай Чадвикийн зөвлөгөөгөөр би Кардинал Хинэнд орлоо. Хөлбөмбөг намайг хааш нь хөтөлнө, би тийшээ л явах ёстой. Кардинал Хинэнд сурах нь "Ноусли Бойз”-д байхаас илүүгээр "Ливерпуль Бойз”д орох замыг минь дөтлөх учиртай байв. Ливерпуль Бойз" орон нутагтаа хамгийн шилдэг нь "Ливерпуль”, "Эвертон"-ы скаутууд "Ливерпуль Бойз”-ын тоглолтыг алгасалгүй үздэг. Үүнд хүрэх цорын ганц зам нь Кардинал Хинэн байсан.
Хөлбөмбөгтэй холбоотойгоор дунд сургуулиа сонгосон би тэнд хичээлдээ шамдахгүй бол болохгүй байлаа. Кардинал Хинэнд 1300 гаруй хөвгүүн суралцдаг. Тэнд хөлбөмбөгтэй мэдлэг эн зэрэгцэх ёстой гэсэн зарчим үйлчилнэ. Энэ зарчимд нийцүүлэхийн тулд шөнө болгон хичээлээ давтдаг байв. Үүндээ шантраад бүр уйлна. Эндээс шилжихсэн гэсэн хүсэл цөөнгүй удаа төрж байлаа. Кардинал Хинэн манайхаас гурван милийн зайд оршдог. Хол байна гэж шалтаглаж үзсэн ч ээж, аав маань хөлбөмбөгийн замналд энэ хамгийн сайн нөлөө үзүүлнэ гэж ятгаж чадсан. Би дуртай дургүй явна.

Дунд сургуульд орсноос хойш гурав дахь жилээс энэ бүхэнд даслаа. Блюбэлээс сургууль руу явахдаа автобусны ард суучихаад хөвгүүдтэй хөгжилдөн явах нь миний аз жаргалтай мөчүүдийн нэг. Тэгэхэд анх удаа ээж намайг сургууль руу ганцааранг минь явуулдаг болсон. Би 13 настай ч том хүн болсон мэт санагдаж билээ. Би өсч өндийж том болж буйгаа мэдэрч байв. Халаасан дахь автобусны болон хоолны мөнгө шажигнах нь сэтгэл баясгаж. Блюбэлийн гудамжаар яг л хаан болсон юм шиг сэтгэгдэл төрөн алхдагсан. Автобусны буудал хүрэх замдаа Терри Смит, Шон Диллон нарын гэрээр дайрч хамт явдаг байсан. Шон их орой унтдаг болохоор дандаа хоцорно. Терри бид хоёр есөд 15 дутуу байхад тэдний гэрийн гадна очоод өрөөнийх нь цонх руу чулуу шиддэг. Хааяа бид чулуугаа хэт чанга шидсэнээс цонхыг нь хагалчих шахна. Тэгж тэгж Шон гэрээсээ гарч ирэхээр бид автобуснаасаа хоцрохгүйн тулд хар хурдаараа буудал руу гүйнэ. Бидний хөл жирилзэн, нуруунд цүнх маань савчина. Шон одоо ханын зуух хийдэг ажилтай болсон. Территэй бол ойр ойрхон уулзана. Тэр "Эвертон"-ы үнэнч хөгжөөн дэмжигч юм.

Шон, Терри бид гурав Кардинал Хинэнд хүрэхэд талдаа 26 минутаар тоглоход хангалттай бүтэн цагийн их завсарлагааны тухай бодол миний толгойд орж ирдэг. Өдрийн турш хөлбөмбөг тоглох тухай л бодно. Би ноён Чадвикийн ордог биеийн тамирын хичээлд маш дуртай. Гэхдээ биеийн тамирын хичээлээр ердөө хөлбөмбөг ордоггүй байсан. Регби, гимнастик, крикетийг түлхүү заадаг байв. Би зааланд ч тэр, гадаа талбайд ч ялгаагүй хөлбөмбөг тоглохыг л хүснэ. Эсвэл талбайн теннис. Би теннист их дуртай. Кардинал Хинэнд бид жижиг талбайд модон цохиураар тоглоно. Бид цохиуран дээрээ "Nike"-ийн хээ, эсвэл "Аdidas"-ын гурван судлыг зураад бахдалтайгаар тоглодог байв. Гэхдээ миний хамгаас эрхэмлэх зүйл хөлбөмбөг хэвээрээ байсан.

Кардинал Хинэнд байр сууриа эзлэх амар байгаагүй. "Азарган тахиа гэгддэг хэдэн том биетэй бандитай хэдэн удаа тулж байж талбайд тоглох эрхтэй болсон. Замбараагүй бужигнасан зодоон дунд өөрийнхөө хүнийг цохичихгүйг хичээн нүдэлцэнэ. Эцэст нь бид талбайн эзэд боллоо. Насаар ах, биеэр том хэн ч байсан бид ялна. Хааяа хэн нэгний нударганаас зайлж амжилгүй уруулаа сэт цохиулж, дүрэмт хувцас маань энд тэндээ цусанд будагдана. Үүнийгээ хөлбөмбөг тоглож завааруулсан юм шиг шавхайгаар өнгөлөн далдалдаг байж билээ. Их завсарлагаа бол жинхэнэ оргил цаг. Харин хичээл бол тоглолтын хоорондох чимээгүй ертөнц байсан.

Хичээлдээ би сайнгүй байсан. Кардинал Хинэнд дундаж сурлагатайд нь тооцогддог байв. Хичээл бүрт л ямар нэг ойлгохгүй зүйл заавал гарна. Ялангуяа математикийн хичээлд суух. давтах маш дургүй. Гэхдээ англи хэлний хичээлд гайхалтай сайн заадаг багшийнхаа ачаар сайчуулын нэг нь болж чадсан. Би зохион бичлэг хийх их дуртай. Нэгэнтээ "Хэзээ нэгэн цагт би дэлхийн аварга болно" гэж бичиж байв. Энэ мэтчилэн үг холбон бичих нь миний хобби байсан. Бас ном унших дуртай. Миний хамгийн дуртай ном "Of Mice and Men"***. Энэ бол гайхалтай, сэтгэл хөдөлгөсөн эмгэнэлт зохиол юм. Би энэ номыг урагдаж салбайтал нь олон удаа уншсан. Ой ухаандаа яг л кино үзэж байгаа юм шиг төсөөлөн боддог байв. Дунд сургуулийн улсын шалгалт өгөхөд би англи хэлэндээ С авч, зургаан хичээл дээр D. хоёр хичээл дээр Е авч байлаа.

Миний энэ бүх зүтгэл, хөдөлмөр нэг л зүйлд чиглэгдсэн байсан. Энэ бол миний цорын ганц мөрөөдөл. зорилго хөлбөмбөг юм.

*- Соrоnаtion Street-1960 оны арванхоёрдугаар сарын 9-нөөс эхэлсэн. Ирэх оны нэгдүгээр сард 7000 дахь анги нь гарах Их Британийн хамгийн олон үзэгчтэй савангийн дуурийн нэг
**-ЕаstEnders-1985 оны хоёрдугаар сарын 19-нд эхэлсэн Английн хамгийн олон үзэгчтэй цуврал
***-Нобелийн шагналт зохиолч Жон Штейнбекийн зохиол

Үргэлжлэл нь дараагийн дугаарт